Нүүрс, эрдсийн экспорт хэвийн үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-тай хил залгаа хилийн боомтуудын экспорт, импортын үйл ажиллагааг гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу хэвийн явуулж буй талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, нүүрс, зэсийн баяжмал, жонш, төмрийн хүдэр, баяжмалын экспорт Гашуунсухайт болон Шивээхүрэн, Замын-Үүд мөн Ховдын Булган, Хангийн боомтоор хэвийн явагдаж байна.
Мөн Дархан-Уул, Орхон аймаг дахь Гаалийн газруудын гүний хяналтын бүсүүдэд зэсийн баяжмал, төмрийн хүдэр болон баяжмалын ачилт болон гаалийн бүрдүүлэлтийг хийж байна.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, УОК-ын тогтоолоор ОХУ-тай хиллэдэг боомтуудыг тодорхой хугацаагаар хаасан. Өнөөдөр өглөөний байдлаар Алтанбулаг боомтод импортын ачаатай 49 автомашин хонож, үүнээс 38 машинд гүний гаалийн бүрдүүлэлт хийхээр, тусгай хамгаалалтын дор нийслэл Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын бүс рүү хөдлөөд байна. Харин 10 автомашиныг Алтанбулаг дахь гаалийн салбарт бүрдүүлэлт хийхээр хүлээж байна. Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын салбаруудаар эм тариа, хүмүүнлэгийн бараа, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, дипломат ачааг саадгүй нэвтрүүлэх бүрдүүлэлтийг хэвийн үргэлжлүүлж байна.
Засгийн газрын шийдвэрийн дагуу Алтанбулагийн чөлөөт бүсэд тусгаарлалтын талбай түргэн муудаж, гэмтэх өндөг, жимс жимсгэнэ зэрэг хүнсний бараа, мөн эм, эмийн бүтээгдэхүүн зэрэг барааг шилжүүлэн ачихаар төлөвлөж байна. Энэ үйл ажиллагааг ирэх оны нэгдүгээр сарын 18-наас хийхээр төлөвлөжээ.
Баян-Өлгий аймаг дахь Цагааннуурын боомтоор 11 дүгээр сарын 23-наас эхлэн сар бүрийн 2 болон 4 дэх долоо хоногт шатахуун тээвэрлэх автомашиныг нэвтрүүлж байхаар зохицуулах гэж байна. Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан боомтыг 11 дүгээр сарын 16-наас эхлэн хаах бол Боршоо боомтыг 11 дүгээр сарын 26-наас эхлэн түр хугацаагаар хаана гэж ГЕГ-аас мэдээллээ.