“Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг НИТХ-аар хэлэлцүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-13 09:14:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн төслийг хэлэлцэв.


Төсөл боловсруулахад нутгийн захиргааны 71 байгууллагаас 671 санал ирүүлснийг зорилт давхардалгүй, уялдаатай, хүртээмжтэй, шалгуур үзүүлэлт нь зорилготой нийцсэн, нийгмийн бүх давхаргад чиглэх зарчим баримтлан “Алсын хараа-2050”, “Монгол Улсыг 2021-2025” онд хөгжүүлэх үндсэн чиглэл” урт, дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн дагуу боловсруулжээ. 


Дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн төсөл нь үндэсний нэгдмэл үнэт зүйл, хүний хөгжил, амьдралын чанар ба дундаж давхарга, эдийн засаг, засаглал, ногоон хөгжил, амар тайван, аюулгүй нийгэм, бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 бүлэгтэй. Төсөлд Засаг даргын зөвлөлийн хурал болон Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг тусган, НИТХ-аар хэлэлцүүлэх юм


Төслийг ажлын хэсгийн гишүүд, нутгийн захиргааны албан хаагчдаас гадна Хүний хөгжил судалгаа, сургалтын төв ТББ-ын судлаач, эдийн засгийн судлаач Ж.Хишигсайхан, Удирдлагын академийн Бодлого, улс төр судлалын тэнхимийн багш, доктор Ж.Жаргал нар зөвлөхөөр хамтран ажиллажээ. 



                 Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн

                                            хүндрэлийг даван туулах бодлого тусгалаа


 Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцэв.


Хөтөлбөр Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого болон хүний хөгжил, эдийн засаг, засаглал, ногоон хөгжил, нийслэл ба бүс нутгийн хөгжлийн бодлого гэсэн зургаан бүлэгтэй.


Төсөл боловсруулахдаа Монгол Улсын хөгжлийн таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, НИТХ-ын 2020 оны сонгуульд МАН-ын хорооноос дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг уялдуулжээ.


Энэ бодлогын баримт бичиг нь хотын иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй, тав тухтай орчин бүрдүүлэх, олон нийтийн эрх ашигт нийцсэн, хотын дүрэм, стандарт бий болгох, тулгамдсан асуудлаа өөрсдийн онцлогт тохируулан шийдвэрлэхэд чиглэснийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэллээ. Төслийг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.


Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар мөн хот байгуулалтын зарим үйл ажиллагааг зогсоох талаар хэлэлцэн, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хэрэгжилт, Хот нийтийн аж ахуйн чиглэлээр энэ онд иргэдээс ирүүлсэн дуудлага, гомдол, мэдээллийн тухай танилцуулга сонссон юм.

 

 

 

Холбоотой мэдээ