Бага насны хүүхдийг дэлгүүр, худаг явуулах тохиолдол гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-14 16:24:31

Дорнод /МОНЦАМЭ/. Чойбалсан хот, Хэрлэн сумын 11 багийн нийтийн эзэмшлийн гудамж, талбай, хотын доторх авто зам дээр эргүүл хяналт өчигдөр өглөөнөөс эхлэн гарч ажиллаж байгаа. Энэ үеэр бага насны хүүхдүүдийг дэлгүүр хоршоо руу хүнсэнд, худаг руу усанд явуулах тохиолдол гарч байгаа учир иргэдийг хөл хорионы дэглэмийг ухамсартай мөрдөхийг анхааруулж байна.

Мөн эргүүлүүд биеийн байцаалттай зорчих, амны хаалт зүүх, гар ариутгах, онц шаардлагагүй үед гадуур явахгүй байхыг сануулах зэргээр хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. Чойбалсан хотод такси үйлчилгээг бүрэн зогсоогоод байна.

Өчигдөр, өнөөдрийн турш аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн 30 алба хаагч Чойбалсан хотын 20 чиглэлд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тухайн зорчих хэсэг дээр зөвшөөрөгдсөнөөс бусад тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй байх зэргээр ажиллаж байна. Цагдаагийн алба хаагчид: “Чанга яригчаар анхааруулга, санамж хүргэсээр байхад иргэд хөл хорионы талаар мэдээлэл муутай байна. Тиймээс мэдээ мэдээллийг тайлбарлаж хүргэх ажлыг давхар зохион байгуулж ажиллаж байна” гэв.

Иргэд эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлнэ гэж мэдүүлэн хөдөлгөөнд оролцох, ойр төрлийн хүн нь нас барсан гэсэн шалтгаанаар Онцгой комисст хандаж байгааг шалгаж үзэхэд зарим тохиолдолд худал ташаа байгаад дүгнэлт хийж, цаашид авах арга хэмжээг чангатгана гэв. 

Холбоотой мэдээ