Я.Содбаатар: Орон нутаг руу буцах хүсэлтэй иргэдийг 14 хоногоос илүү удаахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар өнөөдөр хуралдаж хөл хориог 14 хоногоор сунгах шийдвэр гаргасан. Уг шийдвэр болон бусад асуудлаар Засгийн газрын гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Улаанбаатарт ирээд орон нутаг руугаа буцах хүсэлтэй иргэдийн асуудлыг яах вэ?
Шадар сайд Я.Содбаатар: Орон нутгаас Улаанбаатарт ирээд олон нийтийн ажилд оролцсон, буцах хүсэлтэй 500 гаруй хүн байна. Мөн хувиараа ар гэртээ идэш өгөх, эмнэлэгт үзүүлэхээр ирсэн иргэд ч олон бий. Манай иргэд үүнд уужуу сэтгэлээр хандаасай гэж хүсэж байна. Ойрын болон дам хавьтлыг хараахан эцэслэж амжаагүй байна. Халдвар илэрсэн нийт 12 иргэн байгаагаас ойрын хавтальд 255, дам хавьтлын 5000 орчим хүн байгаа. Шинэ тохиолдол илрэх тусам дам болон ойрын хавьтал нэмэгдэж байгаа. Хөдөө орон нутагт иргэдийг буцаасны дараа ойрын хавьтал болж тухайн аймагт хорио цээр тогтоох шаардлага үүснэ. Тиймээс эхний ээлжинд дээрх дам хавьтлын хүмүүсийг шаргуу шинжилгээнд хамруулж байна. Хөдөө орон нутагт буцах хүсэлтэй иргэдийг 14 хоногоос илүү удаахгүй шийдвэр гаргах чиглэлээр тодорхой журам гаргахаар ажиллаж байна.
-Орон нутагт буцах хүсэлтэй иргэдээс шинжилгээ аваад гаргаж болохгүй юу?
Шадар сайд Я.Содбаатар: Шинжилгээ аваад гаргаж болно. Гэхдээ шинжилгээ авлаа гэхэд, нэгдэх шинжилгээгээр коронавирусгүй гээд гаргаж болохгүй. Учир нь өнөөдөр илэрсэн тохиолдол давтан шинжилгээгээр гарсан. Тиймээс тухайн иргэдийг орон нутагт буцаах, дараа нь төрийн байгууллага хэрхэн бүртгэж, тусгаарлах, хянах талаар тодорхой журам гаргахаар ажиллаж байна. Тэдгээр иргэддээ нийтийн эрх ашгийн төлөө уужуу тайван хандахыг хүсэж байна.
-Улаанбаатар хотод 17 цэгт нөөцийн мах борлуулж эхэлсэн. Тэдгээр цэгүүдэд олон хүн бөөгнөрч халдвар хамгааллын дэглэм алдагдаж байна. Энэ тал дээр ямар зохицуулалт хийх вэ?
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Улаанбаатар хотод өдөрт дунджаар 110-130 орчим тонн мах нийлүүлдэг. Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотой өдөрт 350-470 орчим тонн мах нийслэлд нийлүүлж байна. Ерөнхийдөө аль аль талдаа зохион байгуулалтын асуудал байна. Иргэддээ хандаж хэлэхэд, мах, хүнсний нөөц хангалттай байгаа. Бүх супермаркет, худалдааны төв ажиллаж байна. Маргаашаас нөөцийн мах зарах цэгийг нэмэхээр судалж байна. Иймд иргэддээ битгий сандарч үймээчээ гэж хүсэж байна. Нөөцийн хувьд 14 хоногт мах, хүнс хангалттай хэмжээнд бий. Хот хоорондын тээвэрт явж байгаа хүнсний машинд иргэд дайгдаж байна. Ийм эрсдэлтэй үйлдэл хийхгүй байхыг уриалж байна.
Хотын дарга Д.Сумьяабазар: Махны хомсдол үүсэх гээд байна гэсэн ташаа мэдээлэл их байна. Нөөц хангалттай. Тиймээс иргэд хүн хоорондын зайгаа барьж, бөөгнөрөл үүсгэхгүй дэглэмээ зөв барих хэрэгтэй. Одоогоор мах борлуулах цэгүүдийг дэглэмд оруулж хүн хоорондын зайг 1.5-2 метр бариулж байна.
-Дам хавьтлуудыг илрүүлсэн бол хөл хориог заавал 14 хоногоор сунгах шаардлагатай юу?
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Үүнийг иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй. Одоогоор эрүүл мэнд, цагдаа, тагнуулын байгууллагын алба хаагчид 4200 орчим болзошгүй тохиолдлыг илрүүлээд байна. Ерөнхийдөө дам хавьтлын 89 орчим хувийг илрүүлсэн. Хавьтлууд мэдээллээ нуусан зэрэг бусад асуудлыг судалж үзээд ДЭМБ болон манай эрдэмтэн судлаачдын зөвлөснөөр, хөдөлгөөнөө хязгаарлаж дам хавьтлыг дэлгэрүүлэхгүй байлгах өөр гарцгүй. Өнөөдрийн байдлаар цар тахлын улмаас дэлхийд хамгийн бага хохирол амссан улсаар Монгол Улс хэвээрээ байна. Бидний хамтын ажиллагаа энэ амжилтад нөлөөлөх учраас иргэд зөвөөр ойгохыг хүсэж бйна.
Мөн улсын хэмжээнд 10 500 орчим төрийн албан хаагч голомтыг хумихаар ажиллаж байна. Энэ хүмүүс ар гэртэй, ядарч байгаа. Тэднийг хоёр ээлжээр ажиллуулах боломж Монгол Улсад одоогоор алга байна. Тиймээс тэдгээр хүмүүсийн урам зориг, ажиллах орчинд хөндлөнгөөс битгий саад болоорой. Гэхдээ сайхан сэтгэлээн хандаж буй олон хүн бий. Дэлхийд иргэд нь төрийн шийдвэрээ дэмжиж хамтран ажилласан улс орнууд амжилтад хүрч байна. Нөгөөтэйгүүр эмх замбараагүй байдал үүсгэсэн улс орнуудад сөрөг үр дагавар гарч буйг ТЕГ-ын өгсөн мэдээлэлд дурджээ.
-Эмч мэргэжилтнүүд халдвар авч байна. Тэднийг онцгой нөхцөл байдалд хэрхэн бэлтгэж байна вэ?
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: ХӨСҮТ дээр эмч, эмнэлгийн ажилчдад тусламж үзүүлэхдээ халдвар авсан долоон тохиолдол гарсан. Бид удаан бэлтгэл хангасан. Аймаг, орон нутгийн бүх эмч сувилагчдыг сургалтад хамруулж хувцасаа өмсөх, тайлах, гараа ариутгах, эмчилгээг хэрэн явуулах зэрэг бүх талаар сургасан. Хэдийгээр сургалт явуулсан ч халдвар хамгааллын дэглэм алдах тохиолдол гарлаа. Энэ нь олон шалтгаантай. Тухайлбал олон хоног ажилласа эмч ажилчдын дархлаа суларсан. Одоогоор шалтгааныг тодруулах арга хэмжээ авч байна. Дэлхий нийтээр эмч, эмнэлгийн ажилтан халдвар авах магадлал маш өндөр хувьтай байгаа. Манай улсын хувьд эмч сувилагч халдвар авсан тоогоор дэлхийн дундаас бага байгаа. Гэхдээ бид халдвар хамгааллын арга хэмжээгээ улам чангатгана.