Борис Жонсон коронавирус тээгчийн ойр хавьтал болсны улмаас тусгаарлагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-11-16 11:02:08

ЛОНДОН. /BBC/. Ойр харилцаж байсан хүмүүсийнх нь дотроос шинэ коронавирусний халдвар илэрсний улмаас Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өөрийгөө тусгаарлах ёстой гэсэн мэдэгдэл хүлээн авсан гэж түүний ажлын албанаас ням гарагт мэдэгджээ.


Тэрбээр Даунинг-стрит дэх өөрийн албан өргөөнд үргэлжлүүлэн ажиллаж, коронавирусний цар тахлын эсрэг Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээг удирдан зохион байгуулна" гэж мэдэгдэлд дурдсан байна.


Одоогоор Их Британийн Ерөнхий сайдад халдварын ямар нэг шинж тэмдэг илрээгүй биеийн байдал нь хэвийн байгаа аж.


Жонсон хэнтэй харилцсан бэ

Их Британийн Ерөнхий сайдын ойр харилцсан хүн нь эрх баригч Консерватив намын хууль тогтоогч Ли Андерсан болох нь тогтоогдсон байна. Тэрбээр пүрэв гарагт Жонсонтой 35 минутын турш уулзсан цөөн тооны хүмүүсийн нэг байсан байна. Энэ уулзалтын дараа Андерсан коронавирусний халдвар авсан нь шинжилгээгээр батлагджээ.


Жонсон энэ оны хавар коронавирусний халдвар авч, хүндээр өвчилсний дараа эдгэрсэн билээ. Тухайн үед тэрбээр Лондоны эмнэлэг долоо хоног хэвтэхдээ хэд хоногийг нь сэхээн амьдруулах тасагт өнгөрүүлсэн юм. Хожим нь тэрбээр амь нас нь дээсэн дөрөөн дээр байсныг хүлээн зөвшөөрч байв. Жонсоны үүргийг Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб гүйцэтгэж байсан бөгөөд тэрбээр бас 11 дүгээр сарын 5-нд өөрийгөө тусгаарлажээ.


Тохиромжгүй цаг үед тусгаарлагдав

Жонсоны хувьд албадан тусгаарлалт хамгийн тохиромжгүй мөчид эхэлж байна гэж “Financial Times” сонинд үүнтэй холбогдуулан бичжээ. Өнгөрсөн долоо хоногт олны анхаарлыг татсан огцрох асуудлыг бүгд хэлэлцэж байгаа энэ үед Ерөнхий сайд өөрийн өргөөнд хаалттай суухаас аргагүй болсон байна.


Өнгөрөгч баасан гарагт түүний гол зөвлөх Доминик Каммингс албан тушаалаасаа огцорчээ. Түүнийг Жонсоны Засгийн газрын их хамба, "Brexit”-ийн архитектор" гэж нэрлэдэг. Каммингсийн баруун гарт тооцогддог Ерөнхий сайдын хэвлэлийн албаны дарга Ли Кейн огцрохоо мэдэгдсэнээс хойш хэдхэн хоногийн дараа Засгийн газрын тэргүүний зөвлөх огцрорч байгаа нь тодорхой болсон байна.


Их Британийн хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдох гэж байсан Каммингс, Кейн нар өрсөлдөгчдөдөө, тодруулбал, Жонсоны шинэ хувийн хэвлэлийн төлөөлөгч Аллегра Страттон, өмнө нь Консерватив намын хэвлэлийн албаны даргаар ажиллаж байсан Ерөнхий сайдын сүйт бүсгүй Кэрри Симондс нарт ялагдсан аж.


Үүнтэй холбоотойгоор сөрөг хүчний Лейборист нам Ерөнхий сайдыг коронавирусний цар тахалтай тэмцэхийн оронд түүний Засгийн газар дотроо зөрчилдөж, далд тэмцэл явуулж байна гэж буруутгажээ.


“Financial Times” сонинд бичсэнээр Жонсон өнгөрсөн амралтын өдрүүдэд Консерватив намын томоохон хандивлагчдад манлайллаа харуулж, Засгийн газрыг хяналтдаа авна гэж амласан байна. Гэсэн хэдий ч өөрийгөө тусгаарлах дэглэмд шилжсэн нь энэ төлөвлөгөөнд томоохон цохилт болсон гэж сониныхон үзэж байна.


Их Британи дахь коронавирусний нөхцөл байдал

Ням гарагт ирсэн мэдээллээс үзвэл, Их Британид өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдол 25 мянга орчимд хүрч, 168 нас баралт бүртгэгдсэн байна. Цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан хүний тоо 1. 37 саяд хүрчээ. Их Британид нийтдээ 51934 хүн нас барсан нь Европ дахь хамгийн өндөр үзүүлэлт юм. 

Холбоотой мэдээ