Сонгуулийн үеэр АНУ-ын Үндсэн хуулийг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр зөрчсөн гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-11-16 12:43:33

ВАШИНГТОН. /АР/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийнх нь өрсөлдөгч Жо Байденыг сонгуульд ялсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд таамагласныг шүүмжлээд, санал хураалтын үеэр Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн гэж мэдэгдэв.


Үүнээс өмнө Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Үндсэн хуулийг зөрчсөнийг харуулах зорилгоор “томоохон зарга мэдүүлнэ” гэж мэдэгдсэн юм.


“Хуурамч мэдээлэл хийдэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд яагаад байнга Жо Байден Ерөнхийлөгч болно гэж үздэг юм бэ. Тэр бүү хэл тэд 2020 оны сонгуулиар манай агуу Үндсэн хуулийг хэчнээн ноцтой зөрчсөнийг манай талд харуулах боломж олгохгүй байна. Үүнд бид бэлдэж байгаа. Үндсэн хуулийг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр зөрчсөн” гэж тэрбээр “Twitter” хуудсандаа бичжээ.


Америкийн удирдагчийн хэлснээр, маш олон ажиглагчийг санал тоолох газраас "хөөсөн" бол, Ардчилсан намынхан олон сая саналын хуудсыг "сольсон"  байна.


“Үндсэн хуулийн хэрэгжилтийг хянах үүрэгтэй хүмүүс шуудангаар авсан хуурамч санал хураалтын дүнг хүчин төгөлдөр үлдээж болохгүй. Дэлхий нийт харж байна!” гэж Трамп цохон тэмдэглэжээ.  


АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болсон боловч сонгуулийн албан ёсны дүн хараахан гараагүй байна. Зарим муж улсуудад санал тоолох ажил үргэлжилсээр байгаа юм. Гэсэн хэдий ч Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Жо Байденд ялалтыг өгч байна. “Fox News” телевизээр мэдээлснээр, тэрбээр сонгогчдын коллегийн гишүүдээс авах шаардлагатай 290 саналыг авсан бол Трамп 232  санал авчээ.


Байден сонгуульд ялснаа хэдийнээ зарласан. Түүнд олон улс орны төр, засгийн тэргүүн нар баяр хүргэсэн юм. Харин Трамп сонгууль дуусах болоогүй байгааг мэдэгдсэн. Гэхдээ тэрбээр Цагаан ордонд хоёр дахь удаагаа үлдэхгүй байж магадгүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ.


 

Холбоотой мэдээ