А.Амбасэлмаа: Ойрын хавьтлын 56 хүний сорьцод коронавирус илрээгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр ХӨСҮТ-д 11.00 цагаас хойш халдварын голомтын ойрын хавьтлын 56 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа ажлын багийн мэдээгээр мөн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 181 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийхэд коронавирус илрээгүйг ЭМЯ-ны өнөөдрийн 17.00 цагийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албан дарга А.Амбасэлмаа мэдээлэв.
Ингээд нийт 348 ойрын хавьтлын 272-т нь бүрэн шинжилгээ хийж дууссан, 78 хүний шинжилгээ үлдээд байна. Үлдсэн хавьтлуудаас хоёр дахь давтан шинжилгээнд 45, гурав дахь шинжилгээнд 8 хүн орсон байна.
Өнөөдрийн байдлаар, Улаанбаатар хотод ес, Сэлэнгэ аймагт дөрвөн тохиолдол бүртгэгдээд байна. Цаашид дам хавьтлын 2000 гаруй хүний 400 гаруйгаас нь шинжилгээ авсан. Цаашид шинжилгээ үргэлжилж байна.