Хлор, близна, халуун үнсийг жорлонгийнхоо гишгүүрт асгаснаар эрсдэлээс сэргийлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр хорооллын иргэд ил задгай жорлонгийнхоо гишгүүрт хлор, близна болон халуун үнс цацсанаар халдвар дамжих эрсдэлээс сэргийлэх боломжтойг Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Н.Цогбадрах хэлэхдээ, "Гэр хорооллын жорлон нь гэдэсний халдвараас эхлээд бусад халдварт өвчний дэгдэлтэд ч нөлөөлдөг хамгийн эрсдэл ихтэй газар. Гэр хорооллын иргэд жорлонд орохдоо өмсдөг гуталтай байх, орж ирээд бүлээн савантай усаар гараа угааж хэвших хэрэгтэй. Ахуйн хэрэглээний хлор, близна зэрэг уусмалаар жорлонгийнхоо хөл тавьдаг тавцанг ариутгаж байх нь халдвар дамжих эрсдэлээс сэргийлнэ. Гадуур өмссөн хувцсаа нар салхинд тавьж байх зэрэг нь халдвар хамгааллын энгийн арга юм" хэмээв.
Зуухнаас гарсан халуун үнсийг жорлондоо хийж байх нь ахуйн хүрээний халдваргүйжүүлэх нэг арга гэдгийг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мөн дурдав.