Төмөр замын ажилтны коронавирусний шинжилгээний хариуг маргааш мэдээлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-17 23:02:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар төмөр замын ажилтны коронавирусний шинжилгээний эцсийн хариуг маргааш ЭМЯ-наас мэдээлнэ гэж ЗТХ-ийн сайд Л.Халтар УОК-ын шуурхай ажлын хэсгийн өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв.


Тэрээр хэлэхдээ, ”Төмөр замын Дархан, Сүхбаатар өртөөний төмөр замчдын дунд энэ өвчин тархсан байж болзошгүй мэдээлэл сүүлийн үед хэвлэлээр нэлээд явлаа. Сэлэнгэ аймагт төмөр замчдын дунд нэг сэжигтэй тохиолдол илэрсэн юм билээ. Холбогдох байгууллагууд үүн дээр тандалт судалгаа хийгээд маргааш танилцуулна" гэсэн юм.

Түүнчлэн "Өнгөрсөн 3 хоногт хөл хөдөлгөөн бага байсан ч өнөөдрөөс эрс нэмэгдлээ. УОК, мэргэжлийн байгууллага хөдөлгөөнийг хумиж, аль болох багасгана. Байгууллага аж ахуйн нэгж, ажилчид цагийн хатуу хуваарьт зохицож ажиллах шаардлага байна. Бид онлайн горимд ажиллаад сурч байна. Бүх нийтийн хөл хорионы үлдсэн 12 хоногт төр засаг, эмнэлгийн байгууллага хичээж ажиллана. Иргэд туслаад өгвөл халдварыг хумих боломж бий" гэжЗТХ-ийн сайд ярилаа.


Хэвлэлийн хурлын үеэр УБТЗ-ын ажил хэвийн үргэлжлэх эсэхийг тодруулахад, тэрбээр “УБТЗ-ын  ажил хэвийн явж байгаа, цаашид ч хэвийн үргэлжилнэ.  Тасралтгүй 24 цагийн турш үйл ажиллагаа явуулдаг цөөн байгууллагын нэг. Шуурхай штабууд бүх чиглэлээр ажиллаад, асуудлыг цаг тухайд нь шийдээд явж байна. Одоогоор ямар нэг хүндрэл үүсээгүй хэмээн хариулав. 

Холбоотой мэдээ