“Эко барьцалдуулагч”, “Ворлд плас аппликэйшн” бүтээлд Үндэсний инновацын шагнал олгоно

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-11-25 13:08:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Баргил тех” ХХК-ийн “Эко барьцалдуулагч” бүтээлийг “Шилдэг инновацын бүтээгдэхүүн”-ээр, “Ворлд плас дижитал” ХХК-ийн “Ворлд плас аппликэйшн” бүтээлийг “Үйлчилгээний салбарын шилдэг инновац”-аар шагнахаар болжээ.


Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар Үндэсний инновацын шагнал олгох асуудлыг хэлэлцэн ийнхүү шийдвэрлэсэн байна.


Засгийн газрын 2018 оны 49 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний инновацын шагнал олгох журам”-ын дагуу Монгол Улсад шинэ мэдлэг, технологийг зах зээлд нэвтрүүлсэн шинийг санаачлагч, зохион бүтээгч, инноватор, энтрепренерүүдийн үйл ажиллагаа, санаачилгыг дэмжих, шинэ технологи, инновацыг хөгжүүлэх зорилгоор 2 жилд тутамд “Үндэсний инновацын шагнал”-ийг “Шилдэг инновацын бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний шилдэг инновац” гэсэн хоёр төрлөөр шалгаруулан урамшуулдаг.


“Баргил тех” ХХК-ийн “Эко барьцалдуулагч” бүтээгдэхүүн нь Монголын эрдэмтэн, судлаачид, инженерүүдийн олон жилийн туршилт, судалгааны үр дүнд бий болсон бүтээгдэхүүн юм. Уг бүтээгдэхүүнийг Таван толгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлд нэвтрүүлснээр утаан дахь хүхэрлэг хийн агууламжийг бууруулах, шахмал түлшний бат бөхийн чанар сайжирч, хог үйрмэгийн хэмжээ багасах, үйлдвэрлэлийн горимын хатаалтын хугацаа богиносож, түлшний үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэх зэрэг давуу тал үүснэ. Мөн Улаанбаатар хотын агаарын чанарт сөргөөр нөлөөлж буй хүхэрлэг хийн хэмжээг 2-4 дахин, PM-10 тоосонцрын хэмжээг 2 дахин, бусад бохирдуулагч хийн хэмжээг 2-3 дахин бууруулах боломжтой гэсэн судалгааны үр дүн гарсан байна. Энэ бүтээгдэхүүнийг дотоодын түүхий эдээр эх орондоо үйлдвэрлэх бөгөөд импортыг 100 хувь орлож улсын төсөвт жилдээ 6.5 тэрбум төгрөг орж, дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудад 15 тэрбум бодит орлого болж үлдэх бөгөөд 150 орчим ажлын байр нэмэгдэнэ.


Ворлд плас дижитал ХХК-ийн “Ворлд плас аппликэйшн” нь сэтгүүл унших уламжлалт хэв маягийг эвдэж, хэвлэмэл болон PDF хэлбэрийн сэтгүүлийг бүрэн интерактив болгох HTML технологийг илүү хурдтай, илүү өртөг багатай байхаар бүтээгдсэн бөгөөд өнөөгийн байдлаар олон улсад 211 840 хэрэглэгчтэй болоод байна. Уг бүтээл нь сүүлийн нэг жилийн дотор дэлхийн долоон хэлээрх 100 гаруй шилдэг хэвлэлийн компани болон сэтгүүлүүдтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал, олон улсад 4.3 сая уншигчтай Fast Company, 3.3 сая уншигчтай Entrepreneur, 2.2 сая уншигчтай New York Magazine зэрэг дэлхийд тэргүүлэгч 20 сэтгүүлтэй албан ёсны эрхтэйгээр хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна. Ворлд Плас аппликейшн бол хэвлэмлээс дижитал руу шилжиж буй сэтгүүлийн зах зээлийн бүхий л оролцогч талуудын үнэ цэнийг өсгөсөн, олон улсын сэтгүүлийн зах зээлийн бусад компаниудын нэвтрүүлж чадаагүй байгаа шинэ технологийг бий болгосон монгол залуусын оюуны бүтээл юм.

Холбоотой мэдээ