Дэлхийд 4.3 сая хүн эдгэрч эмнэлгээс гараад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sodonizm@gmail.com
2020-11-27 12:21:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн олон орны эрдэмтэд коронавирусний судалгаа хийж байна. Их Британи улсын Лондон хотын эрдэмтэд л гэхэд 99 улсын 46 мянга орчим сорьцод шинжилгээ хийж, одоогоор коронавирусний мутацат өөрчлөлт харьцангуй бага байна гэж мэдээлжээ.


ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ “Дэлхий дахинд 60 сая хүнд коронавирус халдварласнаас 1.4 сая хүн эндэж, 4.3 сая хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байгаа нь  халдварын тархалт эрчтэй байна гэсэн үг. Манай улсад 738 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх өдрийнхөөс 26-аар нэмэгдсэн дүн юм.


Нийслэлийн түргэн оношилгооны цэгт 127 821 хүн үйлчлүүлснээс  91 829 хүний шинжилгээ сөрөг гарсан. Бусад хүний шинжилгээг хийж байна. Нийслэлд ЗӨСҮТ-ийн хоёр баг халдварын голомтуудад эцсийн халдваргүйтгэл хийж байна. Өчигдөр 15 обьектийн 1650 мкв талбайг ариутгаж дуусгасан.


Мөн тусгай дугаарын 3 утсанд 24 цагийн хугацаанд 8 497 хүн, ЭМЯ-ны 323002 дугаарын утсанд 516 хүн хандаж, коронавирусээс сэргийлэх болон бусад төрлийн өвчний эмнэлзүйн зөвлөмж, зөвлөгөө авсан байна.


Цаашид эмнэлэг, үйлчилгээний газар маш эрсдэлтэй орчин учраас иргэд та бүхэн аль болох гэртээ байх, гэрээс гарах зайлшгүй тохиолдолд амны хаалтаа зүүж, хүн хоорондын зай барихыг та бүхнээсээ хүсэж байна” гэлээ.

 

 

Холбоотой мэдээ