Ундны ус бохирдолтой хотхоны ус хангамжийг төвлөрсөн шугамд холбоход хамтарч ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Ус сувгийн удирдах газрын удирдах ажилтнуудтай уулзаж, тодорхой чиглэлд хамран ажиллахаар болов.
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж, эмнэлгүүдийн цэвэрлэх байгууламжид ажиллагсдын эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын байдал, тулгамдсан асуудлаар ярилцлаа.
БХБЯ, Нийслэлийн Захирагчийн ажлын алба цаашид
1. Цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний бодис, тоног төхөөрөмжийн нөөцийг нэмж, ажилчдын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах
2. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ундны ус нь бохирдолтой Зайсан орчмын 40 орчим орон сууцны хороолол, хотхоны ус хангамжийг төвлөрсөн шугамд холбох зураг төсөл, шугам сүлжээний угсралтын хөрөнгө оруулалтыг хамтран шийдэх
3. Сүүлийн жилүүдэд нийслэл хот орчимд хөрсний усны
түвшин нэмэгдснээс орон сууцны хороолол, хотхоны байрны зоорийн давхар усанд автах, гэр
хороололд хөрсний ус ихээр илрэх, булаг шанд сэргэж байгааг анхаарах, хамтарч тооцоо судалгаа хийх,
хөрсний ус зайлуулах барилга байгууламж барихад хамтарч ажиллахаар болов.