УБТЗ: Арчдасын шинжилгээгээр сөрөг зүйл илрээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-29 13:15:12
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Улаанбаатар төмөр зам" /УБТЗ/ ХНН-т халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал өнөөдөр цахимаар боллоо.

УОК-ын даргын шийдвэрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-т “COVID-19” халдвар илэрсэнтэй холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох зорилгоор дээрх шуурхай бүлгийг байгуулсан юм.

Хурлын үеэр "УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаярын танилцуулснаар, өчигдрийн байдлаар Төмөр замын ажилтан 15 956 хүнээс 15 892 нь шинжилгээнд хамрагджээ. Хөдөө, орон нутаг руу явсан, эмчлүүлж байгаа, урт хугацааны чөлөөтэй, ээлжийн амралттай, хөл хорионд байгаа зэрэг шалтгаанаар 64 хүн хамрагдаагүй байна.

Төмөр замын хэмжээнд 963 ажлын байрны 38.534 м2 талбайд, гэрээт байгууллагаар 324 ажлын байрны 9702 м2 талбай, 75 зүтгүүр, 12 галт тэрэг, 600 чингэлэг ариутгаж, халдваргүйжүүлсэн.

Тээврийн бичиг баримт, зарим ачааны гадаргуугаас авсан арчдасын шинжилгээгээр сөрөг зүйл илрээгүй бөгөөд Улаан загалмайн нийгэмлэгээс 42 байгууллагын 420 хүнд дархлаа дэмжих бүтээгдэхүүн, 17 байгууллагад хүмүүнлэгийн тусламж олгожээ.

Галт тэрэгний хөдөлгөөн саадгүй, ачаа тээвэрлэлт хэвийн байгаа бол өртөө, зангилаадад хүнсний хангалт, нөөц боломжийн байгаа аж.

Өнөөдрийн шуурхай бүлгийн хурлыг удирдсан Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд  дараах үүрэг даалгавар өгөв.

-Сайдаас өгсөн шуурхай үүрэг даалгаврын биелэлтэд анхаарах,

-Хилийн гарцууд дээр ажиллах журмыг холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулж Улсын онцгой байдлын даргаар батлуулж мөрдүүлэх,

-Гаалийн баталгаат агуулахтай ачааны терминалууд дээр үйл ажиллагаа эрхэлдэг банкыг амралтын өдрүүдэд ажиллуулах санал тавих,

-Гаалийн баталгаат агуулахын тооцоо судалгаа гаргаж, шаардлагатай бол агуулахын багтаамжийг нэмэгдүүлэх, шинээр баталгаат агуулах зарлуулах зэрэг үүрэг чиглэл өглөө.
Холбоотой мэдээ