Ийм цаг үед төрийн албаны хүн хариуцлагатай дуугарч байх ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УБТЗ ӨНӨӨДӨР
khandmaa@montsame.gov.mn
2020-12-08 11:06:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Корона гэж сүрхий өвчин хийсэж ирж, монгол түмний сэтгэл санааг түгшүүлж байна.

            УОК, ЭМЯ, Мэргэжлийн хяналт, хүчний байгууллагууд  өндөр зохион байгуулалтанд орж  үзэж тарж  байх шиг. Ард түмэн ч засаг төрийн энэ бодлого үйл ажиллагааг дэмжиж байна. Ингэж зүтгэсний үр дүнд хүний амь нас эрсдээгүй яваа.

            Баян чинээлэг орнууд,  Олон улсын байгууллагууд  ч өгөөмөр сэтгэл гаргаж, тусламжийн гараа бидэнд сунгаж байна.

Өөрсдөө дотроо муу хөөцөлдөөд, тэгээд гадагшаа самбай бариад гүйгээд байвал тэд ингэж гараа тэнийлгэхгүй ш дээ.

Манай төмөр зам ч ялгаагүй байдаг л бүх бололцоогоо дайчилж, ёстой үзэж тарж, үсэрч наалдаж байнаа. Ковид-19 дэгдсэн анхны өдрөөс л эхлэн улсдаа тусалж, тандалт хийгдэж  буй  хүмүүст  зориулан  Вокзалуудын зочид буудал, Зүтгүүрийн бригадын технологийн амрах байр, Цэцэрлэгүүд, Эмнэлэгийнхээ  талыг хүртэл зайчилж иргэдийг байрлуулан үйлчилж байна. Галын шугаман дээр амь дүйж ажилласан   өөрсдөө суудлын хэдэн ногоон вагондоо голдуу байцгааж байна. Ажилчдын гуанз, цайны газрууд халуун хоол цайгаар зогсоо зайгүй сэтгэл гарган тусгаарлагдсан хүмүүст үйлчилж байгаа. Манай эмнэлэгийн эмч сувилагчид ч өргөсөн тангарагтаа үнэнчээр хандаж, борви бохисхийхгүй зүтгэцгээж байна. Гэтэл төмөр замыг энэ коронатай муу тэмцэж байна. Зарим нь бүр төмөр замыг коронаг оруулж ирсэн гэх гээд байх шиг. Урмыг хугалахаар, ууцыг хугал гэдэг дээ.

Хүн ажиллаж байсан газраа, хамт ажиллаж явсан нөхдөө тааруу хэлэх нь онцгүй байдаг л даа. УИХ-ын гишүүн хүн  хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй гэх маягийн юмыг хаанаас сонссон юм яриад байдаг юм. Олонх цөөнхийн харьцааны тухай парламентын ойлголт байх учиртай.

Харин ч тэгэхэд төмөр замчид эрүүл мэндээ хамгаалж,  улсын  болоод төмөр замын  ажлаа  зогсоохгүйн төлөө шаргуу тэмцэж ажиллаж байна. Ер нь тэгээд энэ өвчин чинь Наушки-Сүхбаатараар орж ирээгүй шүү дээ. Тэр Дарханд болсон мэдлэг сорих  болон спортын уралдаан тэмцээн нь жил бүр хийгддэг бөгөөд энэ оных нь  10-р сарын сүүлчээр зохион байгуулагдсан юм билээ. Тэнд нэг ч орос хүнийг урьж оролцуулаагүй.

Тэр үед чинь улсын хэмжээнд хорио цээр, онц байдал тогтоогоогүй байсан шүү дээ. Би барьцаж байгаа юм бишээ, бусад газруудад ч хөдөө хотгүй иймэрхүү ажлууд хийгдэж л байсан байх. ХӨСҮТ ч ямар эх сурвалжаас энэ мэдээг авч цацсан юм мэдэхгүй. Би цаг наргүй ажил хийж байгаа хүмүүсийг гоочилж байгаа юм биш шүү . Хил, хорио цээр, мэргэжлийн хяналт, хууль, хүчний байгууллагууд ч үүнийг шалгаж тогтоох нь зүйтэй байх. Ийм цаг үед үг хөөхөөс үхэр хөө гэж үг бий. Тэгэхдээ хүн нэрээ, тогос өдөө  ч  гэж бас бий.

Сүхбаатар, Дархан, Улаанбаатар зэрэг өртөөдөд  мэргэжлийн хүмүүс  карантинд орж, багагүй бэрхшээл учрав. Дурын хүн очоод өртөөний жижүүрийн ажлыг  хийгээд,  цахилгаан  төвлөрлийн дэлгэцэн дээрх  товлуурыг  дарж, сум эргүүлж, дохио  асаан  галт  тэрэг хүлээж авч, явуулж чадахгүй. Өөрийн хүн бараг харахгүйгээр тоо дуудуулж, сампин цохиж байгаа юм шиг замналаа бэлтгэнэ.  Сүхбаатар, Дархан, Эрдэнэт, Зүүнхараа, Толгойт, Улаанбаатар, Чойр, Сайншанд, Замын-Үүд зэрэг том өртөөд тус бүр 70-100 хол гарсан сумтай, түүнээс хамаагүй илүү тооны дохиотой байдаг. Ийм учраас өртөөний жижүүрүүд бие биеийнхээ ажлыг шууд аваад хийчихэж чадахгүй. Уг нь дадлага хийж, байж  ажиллах ёстой.

Өнгөрсөн  жилүүдэд  ТЗДС, МСҮТ-өөр бэлтгэгдсэн, одоо ажилгүй байгаа залуу боловсон хүчнүүд  болон  саяхан тэтгэвэртээ гарсан зарим нэг ахмад  зэрэг нь одоо аминд орж байх шиг байна.

Хөл хорио тогтооход  Сүхбаатар,  Дархан , Улаанбаатар зэрэг өртөө илүү өртлөө.

Хүн болгон вагоныг холбож, салгаж чадахгүй шүү дээ. Хэрвээ  тоормозыг буруу салгавал  5 атмосферийн даралттай, төмөр толгойтой шланк духыг чинь цөм цохино.

Вагон үзэгч хүн алх бариад вагоны дугуй, явах ангийг алхаар цохиод явдаг. Тэр алх чинь эмчийн чагнуур л гэсэн үг.  Машинчийг 3-5 жил дотооддоо бэлтгэн, дараагаар нь 6 сар дадлага хийлгэнэ. Илчит тэрэгний доторх чинь цахилгаан удирдлагатай, явуулын завод л гэсэн үг юм.


Төмөр зам чинь хөдөлгөөний  удирдлагын  хатуу босоо тогтолцоотой газар. Диспетчерийн өгсөн үүргийг өртөөний жижүүр хүлээж аваад  хэрхэн ойлгосон тухайгаа эргэж диспетчерт давтаж хэлнэ. Вагон үзэгч  галт тэрэгний тоормозыг шалгаад үзлэг дууссан тухай өртөөний жижүүрийн дэвтэр дээр тэмдэглэгээ хийнэ. Үүний үндсэн дээр машинчид хэлж дохио нээнэ. Туслах машинч дохио ногоон байна гэж машинчид илтгэнэ. Машинч ногоон байна, харлаа  гэж хариулна.

Төмөр замд  нэг ээлжийн 12 цагт 2000 орчим  ашиглалтын хүн ажиллана. Татах моторын араа шүд дээ. Ээлжээс өглөө буухад толгой дүнхийгээд, бие бол мах л болдог юм. Энд онлайнаар ажил үүргээ гүйцэтгэж болдог конторынхон ороогүй.

Шар хантаазаа өмсөөд замаа шалгаж, засаж яваа замчид, байнгын бэлэн байдалд байж, шаардлагатай үед дуудлагаар ажилладаг  хүмүүс цөөн тоогоор, Дэр мод,  Бетонон дэрний үйлдвэр, Төв засварын үйлдвэр зэрэг ороогүй болно.

Хорио цээр тогтооход Сүхбаатар өртөө 2-хон жижүүртэй үлдсэн гэсэн. Хүн л юм болохоор  үүр шөнийн  заагаар  өөрийн эрхгүй нүд хорсож,  анилддаг юм. Энд тэндээс цуглуулаад, үүрч  дүүрээд ч болов болгож л байх шиг байна. Хамгийн гол нь цаана нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах /хөдөлмөр хамгаалал/  гэж цусаар  бичигдсэн дүрэм бий.  Миний бие энэ бүгдийг бичихдээ хорио цээрийг эсэргүүцэж байгаа хэрэг огтхон ч биш шүү дээ. Эс тэгвээс тэрнээсээ эссэн юм болно. Төмөр замд өглөө оройны  зааварчилгааг  ажилчдад өгөхдөө  тэднийг хоёр хоёроор нь  зайг ягштал баримтлан  суулгаж зааварчилж байна гэх мэт.

Төмөр зам чинь улс хоорондын өмч дээр тулгуурлаж  тээврийн үйл ажиллагаа явуулдаг ч улсынхаа хуулинд хатуу захирагдаж, түүнийг дээд зэргээр чандлан сахина.  Нөгөө талаар  үйл ажиллагаа нь олон улсын шинжтэй газар шүү дээ.  Одоо Хятадын талтай   ачаа, техникийн агентуудыг харилцан солилцохгүйгээр ажил явуулах  болж байгаа юм байна. Бие хүн оролцохгүйгээр харилцан итгэлцлийн үндсэн дээр ажил явагдах боллоо. Дараа нь техникийн маргаан, ачаа коммерын  актууд л баахан  овоорох  л  байх даа.  Камер, зургийн аппаратаар нэлээд баталгаажуулна биз. Төмөр зам чинь  “ардын тээвэр”,   хоногийн  24 цагийн туршид  тасралтгүй явдаг явуулын үйлдвэрлэл тул зовлон бас байнаа. Түүний ард гарч л  таарна.

За ингээд намайг хэтэрхий явцуурч,  технологийн юмаар лекц уншлаа гэж битгий  бодоорой. Удахгүй коронагийн ард гарцгааж таарна. Дэм дэмэндээ дээс эрчиндээ явцгаая.

 

                                                                        МУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ ТЭЭВЭРЧИН Р. РАШ  

Холбоотой мэдээ