Улаанбаатар хотоос 5000 иргэн ирнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-11-30 16:09:44

Увс /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод гацсан иргэдийг хөдөө орон нутаг руу тээвэрлэх ажил маргаашнаас буюу 12-р дугаар сарын 1-нээс эхлэх гэж байна. Урьдчилсан байдлаар Увс аймаг руу 5000 орчим иргэн ирэх чиглэлтэй байгаа бөгөөд эдгээр хүмүүс коронавирусний шинжилгээнд хамрагдаж байгаа аж.

“Сумдын шуурхай штабуудтай энэ сарын 29-ний өдөр онлайн хурал хийж, цаашид хэрхэн ажиллах талаар үүрэг чиглэл өгсөн. Бүх нийтийн бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбоотойгоор иргэд тайвширч болохгүй. Учир нь халдварын бүс нутгаас 5000 гаруй иргэн ирэх гэж байна. Иймээс хүн бүр дор бүрнээ халдвар хамгааллыг сайн сахиж, хөл хориогоо чангатгах хэрэгтэй. Улаанбаатар хотоос ирж байгаа иргэд ч гэсэн ухамсартай байж, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмжийг дагаж, гадуур сэлгүүцэхгүй байх шаардлагатай.

Аймгийн шуурхай штаб 12 дугаар сарын 1-11 хүртэл өндөржүүлсэн 24 цагийн байнгын ажиллагаатай байна. Мөн Зүүнхангай сумын Далантүрүү багт ажлын баг ажиллаж гаднаас орж ирсэн автомашин болон иргэдийн бүртгэл судалгааг нэг бүрчлэн явуулна. Үүнээс гадна Ховд, Говь-Алтай аймгаас оюутан татах асуудал одоогоор шийдэгдээгүй байгаа бөгөөд УОК-ын шийдвэрийг хүлээнэ” хэмээн аймгийн Онцгой байдлын газрын дарга Д.Баттулга хэллээ.

Холбоотой мэдээ