"Оюуны өмчийн тухай хууль"-ийг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-12-01 18:03:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжихтэй холбогдсон нийтлэг харилцааг зохицуулах “Оюуны өмчийн тухай хууль”-ийг өнөөдрөөс буюу энэ сарын 1-нээс  хэрэгжүүлж эхэллээ.


Монгол Улсад оюуны өмчтэй холбогдсон харилцааг Патентын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар зохицуулж иржээ. Гэвч эдгээр хуульд давхардсан, зөрүүтэй, хууль хоорондын уялдаа холбоогүй зохицуулалтууд байсан нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зохиогчийн эрхийг хамгаалах, үр өгөөжийг хүртэхэд сөргөөр нөлөөлж байсан байна. Тиймээс энэ төрлийн харилцааг зохицуулдаг хууль хоорондын зөрчлийг арилгах, оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагааг тогтвортой болгохоор Оюуны өмчийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 9 гишүүн боловсруулан батлуулсан байна. 


Сонирхуулахад, Оюуны өмчийн газарт жилд 170-180 орчим шинэ бүтээл бүртгэгддэг байна. Өнгөрсөн онд ашигтай загвар 250-300 орчим, барааны тэмдэг 3900 бүртгэгджээ. Мөн дэлхийн оюуны өмчийн байгууллагын 2017 оны тайланд дэлхийн хэмжээнд нийт 64.6 сая оюуны өмч бүртгэлтэй байгаа аж. Сүүлийн жилүүдэд оюуны өмчөө бүртгүүлэх хүсэлт, өргөдлийн тоо тасралтгүй өссөөр байгаа бөгөөд шинэлэг санаа, дэвшилтэт техник, технологи хүн төрөлхтний амьдралын хэв маягийг өөрчилсөөр байгаа юм. Ийнхүү “Оюуны өмчийн тухай хууль”-ийг хэрэгжүүлж эхэлснээр оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжихтэй холбогдсон нийтлэг харилцаа зохицуулагдахаар боллоо.


“Оюуны өмчийн тухай хууль”-ийг  ЭНД ДАРЖ уншаарай. 


Холбоотой мэдээ