Ядуурал хөдөө нутагт хамгийн өндөр буюу 32,9 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-01 17:33:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд хотжих үйл явц эрчимжиж, 2019 онд нийт хүн амын 68 хувь нь хот, сууринд аж төрж байна.


Хөдөөгийн хүн ам, тэр дундаа уламжлалт бэлчээрийн мал аж ахуй эрхэлж буй малчид сумын төвийн хүн амаас ч цөөрөх хандлага ажиглагджээ.


Монгол орны хүн амын нутагшил, суурьшлын хувьд хот, хөдөө хосолсон эдийн засаг, амьдралын хэв маягтай бөгөөд 1970 онд хүн амын 44, 1990 онд 57, харин 2019 онд 68.5 хувь нь хот суурин газарт амьдарч байв. Үүнээс Улаанбаатар хотод 46 хувь нь амьдардаг аж.


Монгол Улсын хүн амыг нутагшилт, суурьшлын хэлбэр, амьдарлын хэв шинжээр нь “хотын суурьшил”, сумын төвийн “хагас суурьшил”, нүүдлийн соёл иргэншил бүхий хөдөөгийн хүн амын “нутагшилт” гэсэн 3 хэв шинжид хуваажээ.

2010-2019 онд 11 хотын хүн ам механик, мөн 11 хотынх хэвийн, хагас суурьшилтай 63 сумын хүн ам механик, 76 сумынх хэвийн өсөж, 170 сумын хүн ам цөөрсөн байна. Түүнчлэн, хөдөөгийн нутагшил бүхий 88 сумын хүн ам механик, 147 сумынх хэвийн өсөлттэй байсан бол 96 сумын хүн ам цөөрчээ.


Ядуурлыг суурьшлын хэлбэрээр авч үзвэл, Улаанбаатарт 25.9, аймгийн төвд 30.1, сумын төвд 28.9, хөдөө нутагт хамгийн их буюу 32.9 хувьтай байна.


Иймд мал аж ахуйн түүхий эдийг боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, хөдөөгийн хүн амд чиглэсэн хүний хөгжил, нийгмийн зорилтот үйл ажиллагаа явуулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх бэхжүүлэх шаардлагатайг Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн судалгааны дүнд дурджээ.


Холбоотой мэдээ