Худалдаа, үйлчилгээг хэвийн горимд шилжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-01 17:53:18

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор худалдаа, үйлчилгээг хэвийн горимд шилжүүлж, архи, согтууруулах ундаа борлуулах цагийн хуваарьт хязгаар тогтоолоо. Аймгийн Засаг дарга шийдвэр гаргаж, энэ сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл аймгийн хэмжээнд бүх төрлийн сургалтын байгууллага, ресторан, баар, караоке, зоогийн газар, кафе, цайны газар болон олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цүглаан, уралдаан тэмцээн, аялал зугаалга, бүх төрлийн тоглоомын газар, шашин, урлаг соёлын үйл ажиллагааг хориглоод байна.

Мөн хүнсний болон бусад төрлийн худалдаа, үйлчилгээний төв, супермаркет, дэлгүүрийн үйл ажиллагааг хэвийн цагийн хуваарьт шилжүүлж, архи, согтууруулах ундаа худалдан борлуулах цагийн хязгаарыг 09.00-18.00 цагийн хороонд тогтоосон байна. Өөр аймаг, хотоос тус аймагт нэвтрэх хүн, тээврийн хөдөлгөөнд хяналт тавьж, бүртгэл хөтлөх, аймаг, сум доторх тээврийн хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх, хяналтын цэг, пост гаргаж, мэргэжлийн удирдлагаар хангахыг холбогдох байгууллагын дарга, Онцгой комиссын гишүүдэд үүрэг болгожээ.

Холбоотой мэдээ