Вирус илрэх нууц үеийн хугацаа 1-14 хоног үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-02 12:01:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халдварт өртсөнөөс хойш вирус илрэх нууц үеийн хугацаа 1-14 хоног үргэлжилж байна. Тухайлбал, 71 хувь нь 24-48 цагийн дотор илэрч байгаа бол, 3 хувь нь 14 хоногийн дотор халдвар авсан нь батлагдаж байна. 


ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл өгч сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.


аянзүрх дүүргийн нэг байрнаас өчигдөр дахиад халдвар илэрсэн байна. Халдвар авсан хүмүүсийн ойрын болон дам хавьтлыг хэдий хугацаанд илрүүлж байгаа вэ?


А.Амбасэлмаа: Бид 24-48 цагт хүмүүсээ олж авч байгаа ч, ойрын болон дам хавьтлаа хэлэхгүй байх зэрэг шалтгаанаас зарим тохиолдолд хугацаа уртасдаг. Вирус илрэх хугацаа хувь хүний онцлогтой холбоотой. Халдварт өртсөнөөс хойш вирус илрэх нууц үеийн хугацаа 1-14 хоног үргэлжилнэ. Тухайлбал, 71 хувь нь 24-48 цагийн дотор, 26 хувь нь 3-10 хоногт, 3 хувь нь 14 хоногийн дотор вирус илэрч байна. Иймд вирусний халдвар гарсан үед хавьтлыг өдөрт нь илрүүлээд дуусахгүй, тандан илрүүлэх үйл ажиллагаа үргэлжилдэг.

Халдварын цар тахлын үеийн хариу арга хэмжээ нь бэлэн байдлын түргэвчилсэн төлөвлөгөө, кластер өвчлөлийн үед болон хүн ардын дунд халдвар тархсан үеийнх гээд өөр өөр байна. Кластер өвчлөлийн энэ үед хамт байсан бүх хүнийг илрүүлэх, хүн амын дунд халдвар алдахгүйн төлөө ажиллах нь хамгийн чухал юм. Иймд хөнгөн балархай өвчилсөн хүмүүсийг тусгаарлаж, халдвар тархахаас сэргийлж байна. 


-Халдвар авсан хүмүүсийн 85 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчлөөд өөрөө дархлаа тогтоно гэж эрдэмтэд нотолсон. Халдвар авсан хүмүүсийг заавал эмнэлэгт хэвтүүлж эмчлэх шаардлага байгаа юу?


Д.Нарангэрэл: Халдвар авсан хүмүүсийн 80 гаруй хувь нь шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрээр өвчилж байна. Бид зөөвөрлөгдсөн, алаг цоог бүртгэгдсэн, кластер буюу багцаар мөн олон нийтийн дунд өргөн хүрээнд тархсан гэсэн дөрвөн ангиллаар хариу арга хэмжээний тактик боловсруулсан. Одоогоор зарим аймагт алаг цоог, зарим газар кластер бүртгэгдсэн ангилалтай байна. Энэ хүрээнд өвчилсөн бүх хүнээ эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа. Магадгүй өөр шатанд шилжвэл өөр тактик хэрэгжүүлнэ.

 

-Вирусний дархлаа богино хугацаатай тогтдог юм байна. Коронавирусний вакцин хийлгэхэд жилийн хугацаатай гэсэн. Тэгэхээр цаашид жил бүр вакцин хийлгэнэ гэсэн үг үү?


Д.Нарангэрэл: Шинэ вирусний дархлаа хэчнээн хугацаагаар тогтож байгаа судалгааг дэлхийн 20 гаруй орон хийсэн. Хамгийн сүүлийн судалгаагаар коронавирусээр өвдөөд эдгэрсэн хүмүүс 6 сараас жилийн хугацаанд дархлаа тогтож байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Та бидний мэддэг томуугийн вакциныг жил бүр хийдэг шүү дээ. Тэгэхээр коронавирусний вакциныг магадгүй жил бүр хийх шаардлага ч тулгарч болох юм. 

Холбоотой мэдээ