Р.Жамьян: Цахим шүүх хурал цаг хэмнэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-12-02 15:32:29

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Цаг үеийн эрсдэлтэй нөхцөл байдлын улмаас улсын хэмжээнд шүүх хурлыг цахимаар зохион байгуулахаар болсон. Ингэснээр хэргийн оролцогч, шүүгч, өмгөөлөгч, прокурорууд дуу дүрсний программ ашиглан өөрийн байгаа газраас оролцох боломжтой юм.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дуу дүрсний программ  ашиглан цахимаар оролцсон Р.Жамьянтай ярилцсаныг хүргэж байна.


Та урьд нь шүүх хуралд оролцож байв уу?

Урьд нь олон удаа танхимаар  шүүх хуралд оролцож байсан. Анх удаа цахимаар оролцож байна.


Цахимаар шүүх хуралд оролцоход ямар санагдсан бэ, хүндрэл байв уу?

Миний хувьд шүүхийн тусгаарлах өрөөнөөс оролцсон учраас ямар ч хүндрэл бэрхшээл гараагүй. Гэхдээ шүүх хуралд байгаа газраасаа оролцсон өмгөөлөгч нар олон байлаа. Тэд сэтгэгдэл өндөр байна.  Шүүхээс халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримталж, цахим хурал зохион байгуулах бэлтгэл ажлыг маш сайн хангасан байсан. Тухайлбал, хэргийн оролцогчдыг тусгаарлах танхим бэлдсэн. Шүүх хуралдаанд оролцох холбогдох заавар зөвлөмжийг байршуулсан байсан. Мөн техник тоног төхөөрөмжийн хувьд ямар ч асуудал гараагүй. Шүүхээс түгээсэн цахимаар оролцох заавар, зөвлөмж мэдээлэл сайн байсан.


Цахим шүүх хурлын давуу тал юу байв?

Цахим шүүх хурал нь яг цагтаа, байгаа газраасаа шууд оролцож байгаа нь цаг хугацаа хэмнэх, коронавирусний халдвараас сэргийлэх давуу талтай байна. Урьд нь замын түгжрэлээс шалтгаалж, танхимаар шүүх хурал болоход заримдаа хэргийн оролцогчид хоцорсноос хурал цагтаа эхлэхгүй байх тохиолдол гарч байсан.


Цаашид цахимаар шүүх хурлыг үргэлжлүүлнэ гэвэл та ямар саналтай байна вэ?

Цахим хурлын үеэр танхимаар шүүх хурал зохион байгуулж буй мэт нүүр нүүрээ хараад, хэн юу ярьж байгаа нь маш ойлгомжтой байсан. Дүрс, яриа тод, ямар нэгэн асуудал гараагүй. Цаашид цаг үеийн нөхцөл байдал хэвийн горимд шилжсэн ч  шүүх хурлыг цахимаар хийх боломжтой байлгавал хэргийн оролцогч, хуульч өмгөөлөгч нарт хэрэгтэй болов уу гэж бодож байна.

Дуу дүрсний программ ашиглаж, шүүх хуралд оролцох заавартай  ЭНД ДАРЖ  танилцаарай

Цахим шүүх хурлыг үргэлжлүүлэн зохион байгуулахад юунд анхаарах шаардлагатай гэж та үзэж байна вэ?

Одоо бидний зүгээс хийх ганц зүйл гэвэл энэ программ дээр ажиллаж сурах, дадах л байна. Дэлхий нийтээрээ цахим хэрэглээ рүү шилжсэн. Цар тахлын нөхцөл байдлын үед цагаа олсон ажил боллоо гэж бодож байна. 


Эх сурвалж: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 

Холбоотой мэдээ