“Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хэрэгжилт 90 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-12-04 15:56:35
Баянхонгор /МОНЦАМЭ/. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сангаас хөтөлбөр хэрэгжүүлж буй Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өмнөговь аймаг, Баянзүрх дүүргийн 2020 оны тайлангийн хурлыг цахимаар зохион байгууллаа.
Хуралд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дарга, “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн зохицуулах зөвлөлийн дарга М.Өнөржаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Энхжаргал, НБХ-ийн ахлах мэргэжилтэн, ХЭОНХ-ийн зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга В.Наранчимэг болон холбогдох албаны мэргэжилтнүүд оролцсон юм.
Баянхонгор аймаг 2020 оныг “Хүүхэд хамгаалалд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх” жил болгон зарласан бөгөөд "Хүүхдэд ээлтэй орон" нутаг дэд хөтөлбөрийн хэрэгжилт энэ оны 11 дүгээр сарын байдлаар 92.5 хувьтай байна. Хүүхдэд ээлтэй засаглалын хүрээнд аймгийн Засаг даргын захирамж дөрөв, ИТХ-ын тогтоол нэг гарсан төдийгүй өмнөх онд хүүхдийн асуудлыг дагнан хариуцдаг байцаагч, өмгөөлөгч байгаагүй бол одоогоор энэ чиглэлээр дөрвөн хүн ажиллаж байгаа аж. Түүнчлэн эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 1016 хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлжээ. Тэгвэл "Хүүхэд хамгааллын жишиг бодлогын баримт бичиг"-тэй байгууллага сумдын хэмжээнд 126, аймгийн төв буюу Баянхонгор суманд 64 болсон байна.
Хүүхдийг гэмт хэрэг зөрчил, бэлгийн хүчирхийлэл, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх “Сүүдэр бүү тусга” аяны хүрээнд 8388 хүнийг хамруулжээ. “Сархдаас салнаа хө”, “Охидоо хамгаалъя” нөлөөллийн аянаар 11290 өрхөд хүрсэн зэрэг ахицтай ажилласан байна.
2021 онд Баянхонгор аймаг хүүхдийн эрх, хамгааллыг зөрчиж байгаа зорилтот гэр бүлийг сонгон хөтөлбөр хэрэгжүүлэх, ахлах ангийн хүүхдүүдэд цахим орчны эрсдэлээс сэргийлэхэд чиглэсэн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, гэр бүлд суурилсан хүүхдийн эрхийг хангах үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлэх зэрэг 15 зүйлийг тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Холбоотой мэдээ