Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийг Байнгын хороонд буцаав

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-12-04 17:36:50
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулахаар Байнгын хороонд буцаав. 


Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Ж.Сүхбаатар танилцуулсан юм. Хуулийн төслийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгууллагын байнгын хороонд шилжүүлсэн байна. Тус байнгын хороо наймдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын багийн дэмжсэн зарчмын зөрүүтэй 56 санал, найруулгын шинжтэй 4 багц саналын томъёоллоор нэг бүрчлэн, төслийн зүйл нэг бүрээр санал хурааж, Байнгын хорооны дэмжсэн 53, дэмжээгүй 6, найруулгын 1 багц санал болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг бэлтгэсэн байна.


Ажлын баг хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 22 саналын томьёолол, найруулгын шинжтэй 1 багц санал болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 1 саналыг үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан зайлшгүй сайжруулах шаардлагатай хэмээн үзэж гүйцээн боловсруулжээ. Бусад саналыг наймдугаар сарын 19-ний өдрийн Байнгын хорооны хуралдааны үеэр шийдвэрлэсэн томьёоллоор нэгдсэн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзжээ.


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар Нутгийн удирдлагын дэд хороо ирэх долоо хоногт хуулийн төслийн талаар цахим хэлэлцүүлэг хийж, шинээр сонгогдсон орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн саналыг сонсох хүсэлт гаргасан. Мөн төслийн зарим зүйл, заалтыг эргэн харж гүйцээж боловсруулан Үндсэн хуулийн заалтад нийцүүлж тодотгох шаардлагатай гэж үзэж буйгаа дурдав. 


Энэ үндсэн дээр хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаанд нийцүүлэх, бусад хуультай уялдуулах үүднээс төслийг Байнгын хороонд шилжүүлж анхны хэлэлцүүлгийг дахин явуулах горимын саналаар санал хураав. Уг саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.8 хувь нь дэмжив. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Холбоотой мэдээ