Элчин сайд Д.Даваа коронавирусний эмчилгээнд ашигладаг эмийн үйлдвэртэй танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-12-07 12:05:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын эм бэлдмэл, биотехнологийн "ХимРар" компанийн ажилтай энэ сарын 3-нд танилцжээ.


Энэхүү компани нь шинэ коронавирусний эсрэг амбулаторийн болон клиник эмчилгээнд ашиглаж байгаа "Авифавир" эмийг үйлдвэрлэж байгаа юм. Элчин сайдыг тус групп компанийн "ХимРар" эрдэм  шинжилгээний хүрээлэнгийн Ерөнхий захирал Ирина Тырнова, "ИИХР"  ХК-ийн Ерөнхий захирал Дмитрий Кравченко нар хүлээн авч, компанийн болон эмийн талаар дэлгэрэнгүй танилцуулжээ.


Түүнчлэн уулзалтанд Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн Хөрөнгө оруулалтын газрын захирал Владимир Примак цахимаар оролцож, тус сангийн хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр боловсруулсан "Спутник V" вакциныг танилцуулсан байна.


Талууд хоёр орны цар тахлын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх, таслан зогсоохоор ажлын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хамтран  ажиллах талаар ярилцжээ. Тус компани уг эмийг Монгол Улсад нийлүүлэх талаар хамтран ажиллах төрийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагуудтай харилцаа тогтоох хүсэлтийг албан ёсоор тавьсан байна.

Холбоотой мэдээ