Мөрөн сумын Засаг даргаар Б.Батбаярыг томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-12-08 10:42:44

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүхийг ажлаас нь чөлөөлж, Б.Батбаярыг Засаг даргаар томиллоо. Өнөөдрийн байдлаар АТГ-аас урьдчилсан мэдүүлэг хянагдаж ирсэн, Засаг даргад нэр дэвших шаардлагатай материалуудыг бүрэн ирүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангаж байгаа сумын Засаг дарга нарыг томилж байна гэдгийг Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын дарга Х.Ган-Очир онцолж байлаа.


Мөрөн сумын Засаг даргаар 8 жил ажилласан Ц.Гансүх “Төрийнхөө ажлыг түмний итгэлтэй нь хамт хүлээлгэн өглөө. Итгэлийг зүтгэлээр хариулж, төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, Мөрөн хотоо улам их хөгжүүлэхийг хүсье. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд хамтран зүтгэсэн хамт олон, дэмжиж байсан иргэддээ талархал илэрхийлье” хэмээн шинэ даргад тамга тэмдгийг нь хүлээлгэн өглөө.


Мөрөн сумын Засаг дарга Б.Батбаяр “Өнгөрсөн хугацаанд Ц.Гансүх даргатай хамтарч олон ажлыг үр дүнтэй хийж хэрэгжүүлж ирсэн. Цаашид хийхээр төлөвлөж эхлэл нь тавигдсан олон ажил байгаа. Ц.Гансүх даргын эхлүүлсэн ажлуудыг орхигдуулахгүй баг хамт олонтойгоо хийж хэрэгжүүлнэ” гэдгийг онцоллоо. 

Б.Батбаяр ХААИС-ийн Эдийн засгийн сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. МУИС-ийг Бизнесийн удирдлагын магистраар төгссөн Мөрөн сумын Засаг даргын орлогчоор 2013 оноос хойш 8 жил тасралтгүй ажиллаж байсан ажээ.

 


Холбоотой мэдээ