Булган аймагт отроор өвөлжих малчидтай гэрээ байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-11 14:36:29

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга тус аймагт өвөлжихөөр нүүдэллэн орж ирсэн малчидтай гэрээ байгуулах, гадны оторчдыг нэмж оруулахгүй байхыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад даалгалаа.

Аймгийн Засаг дарга захирамж гаргаж, бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанаас өмнө ирсэн малчин өрхөд хонд бууц зааж, отроор өвөлжих гэрээг малчин нэг бүртэй байгуулах, цаашид шинээр гадны аймгаас отор нүүдэл оруулахгүй байх талаар арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгаланд үүрэг болгосон байна.

Тус аймаг одоогийн байдлаар өөр аймгийн 195 өрх, 112,0 мянган толгой малтай өвөлжиж байгаа юм. Бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанаас өмнө 124 өрх, 68,0 мянган малтай нүүдэллэн иржээ.

Холбоотой мэдээ