Зохион байгуулалттайгаар мөрийтэй тоглоом тоглож байсныг таслан зогсоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/. Хорио цээрийн дэглэм тогтоосон үед
гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл, архи согтууруулах ундаа
хэрэглэсэн үедээ гаргасан зөрчил, эрүүлжүүлэх байранд ирэх иргэдийн тоо буурахгүй
байгаа талаар аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв. Өдөр бүр 1-2 хүн тогтмол
эрүүлжүүлэгдэж байгаа аж.
Өндөржүүлсэн
бэлэн байдлын үед Дархан-Уул
аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид өдөр бүр хяналт, шалгалтын ажиллагааг
зохион байгуулан ажиллаж байна.
Түүнчлэн
мөрийтэй тоглоом тоглож байсныг газар дээр нь илрүүлж, зөрчлийг арилгажээ.
Тодруулбал энэ сарын 8-ны
үдэш мөрийтэй тоглоом зохион байгуулж, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэх
мэдээллийг хүлээн авч, цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн шалгалт хийхэд Дархан сумын тавдугаар багийн нутагт
байрлах орон сууцанд зохион байгуулалттайгаар мөрийтэй
тоглоом тоглож байсан бүлэг хүмүүсийг илрүүлсэн байна.
Тус байранд мөрийтэй тоглоом тоглоход
зориулан гадна хяналтын камер суурилуулж, тохижуулсан аж.
Мөрийтэй тоглоом зохион байгуулах
үйлдлийг 2017 онд эрүүгийн хуулиас хасч зөрчил гэж үзэж байсан бол УИХ-аас 2020 оны
01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр гэмт
хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж эхэлсэн байна.
Мөрийтэй тоглоом тоглосон бол иргэнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний
төгрөгөөр торгоно хэмээн Зөрчлийн тухай хуульд заасан. Харин мөрийтэй тоглоом
зохион байгуулсан бол эрүүгийн хуулийн 20.17-д зааснаар хариуцлага хүлээлгэдэг ажээ.