Сэлэнгэ аймгийн 17 сумын Засаг дарга нар албан ёсоор тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-12-14 15:50:33

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. 2020 оны 10 дугаар сард зохион байгуулсан орон нутгийн сонгуулийн үр дүнгээр сумын иргэдийн төлөөллөөс нэр дэвшсэн 17 нэр дэвшигчийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил холбогдох байгууллагын санал дүгнэлтийг харгалзан бүрэн томилгоожууллаа.

Энэ нь улс, орон даяар нөхцөл байдал амаргүй байгаа энэ цаг үед төрийн ажлын тасралтгүй, шуурхай байдал, залгамж чанарыг хадгалж, зогсолтгүй үргэлжлэх хэвийн үйл ажиллагааг нь хангаж буй явдал юм. Аймгийн Засаг дарга хэлэхдээ ”Энд ямар нэгэн улс төрийн шалтаг, шалтгааныг харгалзахаасаа илүүтэй энэ онцгой нөхцөл байдлын үед сум, орон нутагтаа төрийн ажлыг, төрийн бодлогыг сулруулахгүй байх. Мөн сумдаа эзэнжүүлж, үүрэг, хариуцлагыг сайжруулах, иргэддээ хүрсэн, иргэдийнхээ эрэлт, хэрэгцээнд нийцсэн арга хэмжээнүүдийг шуурхай удирдан зохион байгуулах талд онцгой анхаарлаа. Энэ ч утгаараа шинэ удирдлагуудыг аль болох хурдан хугацаанд ажилд нь оруулах бодлогыг баримталлаа" хэмээн хэллээ. Ийн Сэлэнгэ аймгийн 17 сумын Засаг дарга нар албан ёсоор тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо. 

Холбоотой мэдээ