Ё.Баатарбилэг: Боловсролын зээлийн санд буй 10 мянган дипломыг эздэд нь олгох ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-12-16 14:44:30
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.


Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, ирэх дөрвөн жилийн хугацаанд эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэж байхад Биеийн тамир, спортын улсын хорооноос ямар нэг санал оруулаагүй байгааг шүүмжиллээ. Б.Баярсайхан гишүүн Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэн, батлахаар тусгах, ингэснээр ЮНЕСКО-ийн Усан доорх Соёлын өвийг хамгаалах конвенцод нэгдэх боломж нээгдэнэ гэдэг саналыг гаргав. “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай" тогтоолын төсөлд 149 хууль тогтоомжийг нэмэлт, өөрчлөлт болон шинэчилсэн найруулга хэлбэрээр батлахаар тусгасан байгааг Ц.Мөнхцэцэг гишүүн хэллээ. Төсөлд тусгагдсан Зар сурталчилгааны тухай хууль тэргүүтэй хууль тогтоомжуудыг өөрчилж, шинэчлэхдээ хүний эрхийн мэдрэмжтэй, олон улсын жишигт нийцсэн байдлаар боловсруулж, батлах нь зүйтэй гэдэг саналыг хэллээ. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Боловсролын зээлийн санд хадгалагдаж буй 10 гаруй мянган дипломыг эздэд нь олгох асуудлыг шийдвэрлэх “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай тогтоолын төслийг Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгах шаардлагатай гэдэг саналыг хэллээ.  


Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хураан шийдвэрлээд, энэ талаар санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээ тогтов.

Холбоотой мэдээ