Н.Айшолпан:Баримтат киноны зураг авалт хоёр жил үргэлжилсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-06-02 09:12:58

«13 настай, бүргэдтэй анчин охин» хэмээн олонд танигдсан Н.Айшолпантай ярилцлаа. Тэрээр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумынх бөгөөд аймгийн төв дэх Эмпати сургуулийн есдүгээр ангид сурдаг.

-Танд эх үрсийн баярын мэндийг хүргэе! Н.Айшолпан, өөрийнхөө тухай танилцуулаач?

--Баярлалаа. Миний нэр Айшолпан. Монголоор Үүрийнцолмон гэсэн үг. Би нэг ахтай, хоёр дүүтэй.
-Эмпати сургуульд хэдэн төгрөгийн төлбөртэй сурдаг вэ?
- Үгүй ээ, үнэгүй сурч байна.
-Ямар хичээлд дуртай вэ?
-Англи, турк, монгол хэл, хими, биеийн тамирын хичээлд дуртай.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
-Эмч бөгөөд жүжигчин болох мөрөөдөлтэй л доо 
-Жүжигчин болох хүсэл хэзээнээс төрсөн вэ? Авьяас бий уу?
-The Еagle huntress баримтат  киноны нээлтэд оролцож байгаа үед жүжигчин болох хүсэл төрсөн. Бүжиглэж, дуулж чадна.
-Шагнал авсан уу?
-Сумдаа дуу дуулж 1 дүгээр байрт шалгарч байсан. 
-Яагаад бүргэдчин болох болсон тухайгаа яриач
-Өвөө, аав, ах гэр бүл ойр дотны хүмүүс маань бүргэдчид бөгөөд тэдний тэжээж байгаа бүргэдэд хамтдаа хоол өгч өхөөрдөж байгаад дасаад сонирхож эхэлсэн. 
Тэгээд аавдаа бүргэдээр ан хийх сонирхолтой байгаагаа хэлсэн чинь аав маань зөвшөөрөөд бүргэдийн тухай өөрийнхөө мэдэж чаддаг бүх зүйлийг зааж сургасан. Аавтайгаа хамт ан хийж болохоор ан хийх тийм хэцүү зүйл биш гэдгийг ойлгосон, харин ч маш хөгжилтэй байдаг шүү /инээв/ 

-Айшолпан,  бүргэдийнхээ тухай яриач? Нэр өгсөн үү?
-Бүргэдийг дэгдээхэй байхад нь үүрнээс нь авч сургаж «Ах ханат» гэсэн нэр өгсөн.  Монголоор “Цагаан далавчит” гэсэн нэртэй юм. 

-Бүргэдийн баяраар түрүүлсэн байсан байхаа?
-Баян-Өлгий аймагт болдог Бүргэдийн баярт оролцож 75 бүргэдчинээс  тэргүүн байр эзэлсэн.Бүргэдээ дуудаж, таван секундэд гар дээрээ суулгасан. Манайхан шыргаа гэдэг морьтой хүн үнэгний арьс чирж явахад, бүргэд нь тэр арьсан дээр буух ёстой. Хүнд их дасгасан бүргэд эзнээ дуудахад ингэж хурдан ирж гар дээр нь суудаг.
-Ямар үед бүргэдээр ан хийж, дасгал сургуулиа хийдэг вэ?
-Аравдугаар сараас эхлээд өвөл хийнэ.
-Айшолпан, бүргэдтэйгээ ямар ан хийж байв?
-Туулай, үнэг.
-Чиний бүргэд хэр их ан барьж байна?
-14 үнэг, нэг чоно барьсан. Өөрийнх нь агнасан ангийн махаар бүргэдээ тэжээдэг.
-Бүргэд хэр урт настай амьтан бэ. Ан хийх хугацаа нь хэр удаан байдаг бол?
-Бүргэд бариад тав, зургаан жилийн дараа байгальд нь тавьчихдаг юм. Үржлийн насанд хүрэхээр нь байгальд тавьчихдаг. Бүргэд найман кг байдаг.
-Цаашдаа Айшолпан маань бүргэдээрээ ан хийсээр байх уу?
-Үгүй ээ.  Бага эрэгтэй дүү бас бүргэдээр ан хийхэд сонирхож байгаа тул дүүдээ заана.
-Бүргэдтэй зураг авахуулж, кинонд тоглосноос хойш олон газраар явсан уу? 
-АНУ, Арабт очсон 
-Зураг авалтынхаа тухай яриач?
-Зураг авалт хоёр жил үргэлжилсэн. Үүрнээс бүргэдийн дэгдээхэй авахаас эхлээд, хамгийн сүүлд Бүргэдийн баярын тухай бичлэгээр дууссан. The Еagle huntress баримтат киноны продюссераар жүжигчин Daisy Ridley ажиллахаар болсон. Австралийн нэрт дуучин Sia «Angels by the wings» хэмээх дууг дуулж холливудын одуудыг үзэж ирсэндээ маш их баяртай байна.
-Киноны зураг авахуулахаар мөнгө авдаг байх?
-Манай аав ээж авна. Гэрээний дагуу миний дансан дахь хадгаламжинд 70 хувь хадгалж байна. 
-Сонин хачин хүсэлт ирдэг үү?
-Манай гэрт жуулчид их сонирхож ирдэг.
-Амралтаараа юу хийх вэ?
-Үхэр, ямаа саана. Ээждээ туслана.

─Ярилцлага өгсөнд баярлалаа. Сурлагын өндөр амжилт хүсье!
 

 Ш.Айзаря
 

Холбоотой мэдээ