Т.Мөнхсайхан: Халдвар нийтийг хамраагүй, голомтолсон хэвээрээ байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-12-21 17:23:24
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар сэтгүүлчийн асуултад хариулж байна.


-Хөдөө орон нутаг руу гарах хөдөлгөөнийг энэ сарын 18-нд хааж 24-нд нээхээр төлөвлөж байсан. Хотоос гарах хөдөлгөөнийг нээх үү?


-Я.Содбаатар: Өмнө нь хатуу хөл хорио тогтооход орон нутгаас хотод ирэх хүсэлтэй иргэдийн тоо 17 мянга давсан. Хотоос PCR шинжилгээ өгөөд гарсан хүмүүс гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлаж байгаа. Гэхдээ халдваргүй аймгаас хот руу орох хөдөлгөөн энэ сарын 23-ны 06.00 цаг хүртэл хуучин журмаараа чөлөөтэй. Халдвар голомтлон тархаж байгаа тул хотоос гарах хөдөлгөөнийг чангатгаж нөгөөдөр 06.00 цагаас эхлэн хүнсний тээвэр, оршуулгын ажиллагаанаас бусад тохиолдолд хотоос гаргахгүй.


-Халдварыг цурманд орууллаа гэж хөл хориог сулруулсан. Гэтэл Баянзүрх дүүрэг том голомт боллоо. Хоёрдугаар сар хүртэл эмнэлэг дүүрнэ гэж Эрүүл мэндийн сайд хэлсэн. Эрсдэлээ хэрхэн үнэлж байна вэ?


-Т.Мөнхсайхан: Цурманд оруулах, коронавирусийг устгах гэдэг нь хоёр өөр асуудал. Анх халдвар голомтлон тархаж байх үед өдөрт 47 тохиолдол илэрч байсан. Тэгвэл хөл хорио сулруулсан буюу 12 дугаар сарын 14-нөөс өдөрт 1-2 тохиолдол илэрч байсан. Тухайн үед ойрын болон хоёр дахь хавьтлын гуравдахь шинжилгээ дуусаж байсан тул тархалтыг хумьсан гэж үзсэн. Одоо шинэ голомт үүссэн. Цаашид дахиад ганц нэг голомт үүсэх эрсдэлтэй. Тухай бүрт нь тандан судалж ойрын болон дам хавьтлыг илрүүлж арга хэмжээ авах боломж бидэнд байгаа. Гэхдээ энэ удаагийн үүссэн голомт эмнэлэгт гарсан. Тухайн голомтын анхны тохиолдол нь анх шинжилгээ өгөөд эмнэлэгт хэвтсэн ч хэсэг хугацааны дараа халдвар илэрсэн. Энэ голомт өргөн хүрээг хамрах эрсдэлтэй гэж үзэж байгаа тул цар тахлын хэмжээнд хүргэхгүйн тулд  хөл хорио тогтоож байна. Халдварын голомт болж байсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас сүүлийн 3-4 хоногт халдвар илрээгүй. Анх үүсэж байсан голомтыг хумьж чадсан. Одоо бид шинээр үүссэн голомтыг хумих, Улаанбаатараас бусад аймаг руу халдвар тараахгүй байх арга хэмжээг авах нь чухал юм.


-ЭМЯ-наас ганц нэг халдвартай хүн явж байхыг үгүйсгэхгүй гэж мэдээлж байсан. “Нэг өрх-нэг иргэн” шинжилгээг цаашид өргөн хүрээнд явуулах шаардлагатай юм биш үү?

-Т.Мөнхсайхан: Эрсдэлийн үнэлгээг ХӨСҮТ байнга хийж байна. Үнэлгээгээр халдвар нийтийг хамарсан тахал болох эрсдэлтэй тул хөл хорио тогтоох санал оруулсан. “Нэг өрх-нэг иргэн” шинжилгээг нийслэлийн 415 мянган өрхөд явуулах нь сайн арга барил биш. Энэ халдварын тархалт бол нийтийг хамарсан цар тахал биш, голомтолсон хэвээрээ байгаа. Халдвар хаанаас үүсэж, хэнд халдсан, ойрын болон дам хавьтлууд тодорхой байгаа. Өнгөрсөн хугацаанд Баянзүрх дүүргийн эмнэлгийн ойрын болон дам хавьтлын 1500 хүнийг шинжилгээнд хамруулж 62 халдвартай хүнийг илрүүлсэн. Цаашид ойрын болон дам хавьтлыг олж тогтоон цаг алдалгүй тусгаарлах арга хэмжээ авснаар нийтийг хамарсан тархалт болгохгүй, шинэ голомтыг хумих боломж байгаа. 

Холбоотой мэдээ