Төрийн байгууллагуудад тусгаарлах өрөө бэлтгэхийг үүрэг болгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн
Онцгой комиссын 2020 оны ээлжит 34 дүгээр хуралдаан болж, дараах
шийдвэрүүдийг гаргалаа.
Үүнд:
1. Коронавирусний
халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд Увс аймгаас ирэх
зорчигчдод хяналт тавих, эрүүл мэндийн тандалт судалгаа авах зорилгоор
Ногооннуур сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр “Тавалтайн хавцал”, 5 дугаар
багийн нутаг дэвсгэр Цагааннуур тосгон явах зам /Хавцалын ам/-д 2 хяналтын цэг нэмж
байгуулж, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг томилж ажиллуулах;
2. Төрийн байгууллагууд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед ашиглах тусгаарлах өрөө бэлтгэж,
халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллахыг бүх шатны төрийн байгууллагын
дарга, захирал, эрхлэгч нарт үүрэг болгов;
3. "Ковид-19" халдвараас
урьдчилан сэргийлэх ажлыг бүх шатанд эрчимжүүлж, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй
байх, амны хаалтгүй хүнд үйлчилгээ үзүүлэхгүй байх, хүн хоорондын 1.5-2 метрийн
зайг баримтлуулах ажлыг зохион байгуулж, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол
хийж байхыг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад даалгалаа.