Багануур, Шивээ-Овоогийн уурхайд техникийн шинэчлэл хийнэ

Монголын мэдээ | Уул уурхай
oyundelger@montsame.gov.mn
2020-12-28 09:57:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг нийлүүлэгч Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн найдвартай, хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК техник технологио шинэчилж байна.


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Шивээ Овоо” ХК, “Багануур” ХК-ийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны Дэд бүтэц, байгаль орчны санхүүжилтийн группийн захирал  М.Танимототой энэ сарын 24-нд 37.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн гэрээг цахимаар байгуулав.


Хүү багатай уг зээлийг санхүүжүүлснээр Японы технологи, тоног төхөөрөмжийг ашиглах, уул уурхайн тоног төхөөрөмжийг дээрх хоёр уурхайд нийлүүлж, цаашид JBIC-тэй хамтран Хөрөнгө оруулалтын сан байгуулж “Эрдэнэс Монгол”-ын охин, хараат компаниудын төслүүдэд хөрөнгө оруулан, хамтран ажиллах боломж бүрдэх юм.


Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны экспортын зээлийн санхүүжилтийг ашиглан энэ онд 18.3 сая ам.долларын үнэ бүхий 20 ширхэг техник худалдан авч, эхний шатны шинэчлэлийг хийгээд байгаа.


Багануур, Шивээ-Овоогийн уурхайд “Монгол нүүрс” төслийн хүрээнд 1998 онд Дэлхийн банк болон Япон улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр техник технологийн шинэчлэл хийснээс 22 жилийн дараа техникийн томоохон шинэчлэл хийж байна.

 

Холбоотой мэдээ