Дэлхийн сонгодог бүжгийн шилдгүүдийн наадам Монголд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2016-06-02 16:01:48

Энэ сарын 4-нд болох Дэлхийн сонгодог бүжгийн наадам "Night of Ballet"-д 9 орны шилдэг 17 бүжигчин оролцохоор Монгол улсад ирээд байна.

Тэд өнөөдөр "Корпорейт конвеншн" төвийн мэдээллийн танхимд сэтгүүлчидтэй уулзаж чөлөөтэй ярилцан, наадмын талаарх мэдээллийг зохион байгуулагчид дэлгэрэнгүй өгөв.

Олон улсын энэхүү наадам 5 дахь жилдээ болж байгаа бөгөөд Дэлхийн шилдэг бүжигчдийг эгнээндээ нэгтгэдэг АНУ-ын "Бостон", "Орландо", "Синсинати", Япон улсын "Комаки", Канад улсын "Канадын үндэсний балет театр болон Монгол Улсын ДБЭТ-ын гоцлол бүжигчид нэгэн тайзнаа бүжнэ.

Наадамд Монгол, ОХУ, АНУ, Канад, Япон, Куба, Швед, Гүрж, БНХАУ-ын сонгодог урлагийг дэлхийд өнгөлж яваа гоцлол бүжигчид дэлхийн сор ноён оргил болсон бүтээлийг "Авьяаслаг Монголчууд" нэвтрүүлгээр бидний сайн мэдэх Корпорейт театрын тайзнаа толилуулахад бэлэн болжээ.

Тус наадмын онцлог нь үзэгчид  дэлхийн сонгодог урлагийн чиг хандлагыг мэдрэхээс гадна Монголын сонгодог урлагийн хөгжлийн түвшинг тодорхойлох нэр төрийн нэгэн баталгаа болж байна. Мөн Олон улсын хэмжээний их наадам дэлхийд тоотой хэдэн оронд зохиогддогийн дотор Монгол улс ийм түвшинд хүрсэн Азийн гурав дахь орон болж байгаагаар нь бахархах эрхтэй хэмээн зохион байгуулагчид хэлж байв.

Наадамд энэ цагийн балетын нэрт төлөөлөгчид дэлхийн урлаг шүүмжлэгчдээс байнга өндөр үнэлгээ авдаг "Тэсрэх бөмбөг" хэмээн алдаршсан АНУ-ын Жозеф Майкл Гатти, уран техникийн илэрхийлэл Кубын /Швед/ Родриго Алмаралес,"Гоо үзэсгэлэн сэтгэл татам байдлын гайхамшиг" Гүржийн Лаша Хозашвилий, АНУ-ын Дасти Баттон, МУГЖ, ДБЭТ, Бостон балтеын гоцлол бүжигчин Д.Алтанхуяг, Бостон балетад 10 гаруй жил гоцлон бүжиглэж буй Б.Батболд зэрэг дэлхий шилдгүүдийн ур чадварыг нэгэн тайзнаа үзэх боломж Монголчууд бидэнд тохиов. 

Мөн энэ үеэр АНУ-ын Бостон балетын үйл ажиллагааг судалж, 4 үндсэн хөтөлбөрөөр Америк стандартыг шууд хүргэх зорилготой "Монголын шинэ балет" сургалтын төвийг нээж, хагас жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулан, ирэх 9 дүгээр сарын 1-нээс элсэлтийн шалгалт авахаа  Д.Алтануяг гавьяат дуулгав.  Дэлхийд балетын хувцас үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг "Чакот" брэндийг албан ёсны эрхтэйгээр Монголд оруулж ирж байгаа ба балет, йога, уран гимнастик, цэнгээнт бүжгийн дасгалын болон тоглолтын хувцас, хэрэглэл косметик зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдах Чакот дэлгүүрийн нээлт энэ сарын 5-нд болохыг ч дуулгалаа. 

"Монголын балетын хөгжил сан" уламжлалт тоглолтуудаа хүргэж, мөн "Д.Алтанхуягийн нэрэмжит Улсын сонгодог бүжгийн аварга шалгаруулах тэмцээн"-ийг 11 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотод, "Ази Номхон далайн орнуудын олон улсын балетын анхдугаар тэмцээн"-ийг 2017 оны 3 дугаар улиралд тус тус зохион байгуулахаар төлөвлөж буй талаараа ч танилцуулав.

Монгол улсад болох дэлхийн сонгодог бүжгийн шилдгүүдийн тоглолтын тасалбарын үнэ 100-120 мянган төгрөг аж.

Д.Догсом

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ