ЕХ-ны удирдагчид “Brexit”-ийн дараа Их Британитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-12-30 17:14:47

БРЮССЕЛЬ. /TASS/. Их Британийг Европын Холбооноос /ЕХ/ гарсны дараа тус улстай хийх худалдаа, хамтын ажиллагааны тухай гэрээнд ЕХ-ны удирдагчид гарын үсэг зурлаа. Баримт бичигт гарын үсэг зурах ёслол лхагва гарагт Брюссель хотноо болжээ.


Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен нар ЕХ-г төлөөлөн гарын үсэг зурсан бол Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Лондон хотноо улсаа төлөөлж гарын үсэг зурна.


“Өнөөдөр бидний гарын үсэг зурсан гэрээ бол ЕХ урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр эвлэлдэн нэгдэж, олон сарын турш эрчимтэй хийсэн хэлэлцээний үр дүн юм. Энэ бол ЕХ-ны язгуур ашиг сонирхлыг бүрэн хамгаалсан, тогтвортой байдлыг бий болгож, иргэд, компаниудад урьдчилан таамаглах нөхцөлийг бүрдүүлсэн шударга, тэнцвэртэй гэрээ юм” гэж Шарль Мишель мэдэгджээ.


Одоо уг гэрээг Европын парламент соёрхон батлах ёстой бөгөөд үүний дараа ЕХ-ны Зөвлөл эцэслэн баталж, хүчин төгөлдөр болох юм. 

Холбоотой мэдээ