Йеменд халдлага болсны улмаас Улаан Загалмайн гурван ажилтан амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-31 09:53:45

НЬЮ-ЙОРК. /The Guardian/. Йемений нисэх онгоцны буудалд дэлбэрэлт болсны улмаас амь үрэгдсэн Олон улсын улаан загалмайн хорооны ажилтнуудын тоо гурав болж нэмэгдэв.


“Аден хотын нисэх онгоцны буудалд болсон дэлбэрэлтийн улмаас манай байгууллагын гурван ажилтан амиа алдсан явдалд Олон улсын улаан загалмайн хороо /ОУУЗХ/  гүнээ харамсаж байна” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.


Өмнө нь хоёр ажилтан нь нас барж, нэг ажилтан нь ор сураггүй алга болсон тухай Женевт төвтэй ОУУЗХ мэдэгдсэн байна. Үүнээс гадна тус байгууллагын өөр гурван ажилтан шархаджээ.  


“ОУУЗХ болон Йемений ард түмний хувьд гамшигт өдөр тохиолоо.Йеменчүүд сүүлийн таван жилийн хугацаанд асар их зовлон шаналлыг туулж байна. Энэ өдөр Улаан загалмайн хамт олонд төдийгүй төрөл төрөгсөд, ойр дотныхон нь амь үрэгдсэн, шархадсан Йемений гэр бүлүүдэд илүү уй гашууг авчирч байна” хэмээн ОУУЗХ-ны шуурхай ажиллагаа хариуцсан захирал Доминик Штилхарт мэдэгдсэн байна.


Аден хотын нисэх онгоцны буудал дээр Йеменийн шинэ Засгийн газрын сайд нар ирэх үед дэлбэрэлт болжээ. Халдлагын улмаас 27 хүн амь үрэгдэж, хэдэн арван хүн шархаджээ. Амь үрэгдсэн, шархадсан хүмүүсийн дунд энгийн иргэд, сэтгүүчид, засгийн газрын гишүүдийг угтан авах гэж байсан орон нутгийн төлөөлөгчид, армийн командлалууд байжээ. Сайд нараас шархадсан хүн байхгүй байна. 

Холбоотой мэдээ