Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс: Монголын хамгийн эртний хүн чулуун хөшөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-12-31 11:56:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Одоогоор мэдэгдэж буй хамгийн эрт цаг үед холбогдох хүн чулуун хөшөө нь Ховд аймгийн Булган сумын нутаг Ягшийн хөдөө хэмээх газраас олдсон Хэмцэгийн соёлд хамаарах хүн чулуун хөшөө юм.


Энэ хөшөөг 2003 онд Монгол-Оросын хамтарсан судалгааны баг илрүүлжээ. Хэмцэгийн соёлыг бүтээгч ард түмэн Түрүү хүрэл буюу НТӨ2500-2000 оны үед Алтайн бүс нутагт оршиж байв.

Түүхэн тодорхой цаг үед байгалийн чулууг засч янзлан хүний биеийн төрх гарган сийлсэн бүх төрлийн хөшөө дурсгалыг хүн чулуун хөшөө хэмээн нэрлэдэг. Хүн чулуун хөшөөнөөс тухайн хүмүүсийн хувцас өмсгөл, хэрэглэж байсан багаж зэвсэг, дүр төрх, шүтлэг бишрэл зэрэг олон төрлийн мэдээллийг авч болдог бөгөөд бүтээсэн түүхэн цаг хугацаанаас хамааран өөр өөрийн онцлогтой байдаг байна. 


Ташрамд дурдахад, Монгол нутаг дахь хүн чулуун хөшөөг эрдэм шинжилгээний үүднээс судлах ажил 1889 оноос эхэлсэн гэж үздэг. Манай улсын бүх аймгийн нутгаас хүн чулууны дурсгал олдсон бөгөөд одоогийн байдлаар 500 гаруй хүн чулуу бүртгэгджээ.

Холбоотой мэдээ