Албан тушаалтнуудын ХОМ-ийг бүртгэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2021-01-06 10:48:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАСХОМ/-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй.


АТГ-аас мэдүүлэг гаргагчдын өнгөрсөн оны ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх эрхийг энэ сарын 1-нд https://meduuleg.iaac.mn/AOS/Login цахим системд нээсэн бөгөөд мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх ажил улсын хэмжээнд эхэллээ.


Холбогдох хууль тогтоомжийн дагуу 1769 салбар байгууллагын албан тушаалтнууд өнгөрсөн оныхоо ХАСХОМ-ээ шинэчлэн гаргаж бүртгүүлэх юм байна.


Энэ онд Соёлын яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Үндэсний геологийн алба, Биеийн тамир, спортын улсын хороо, Төрийн тусгай хамгаалалтын газар, Соёл, урлагийн газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар зэрэг яам, агентлаг шинээр байгуулагдсан.  Иймд мэдүүлэг гаргагчдын тоонд өөрчлөлт орохоор байгаа аж.


Монгол Улсад бий болсон коронавирус цар тахлын үеийн нөхцөл байдалтай зохицуулан албан тушаалтнаас 2020 оны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргуулах үйл ажиллагааны бэлтгэлийг хангах чиглэлээр АТГ-аас уг мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий  албан тушаалтнуудыг онлайн сургалтад хамруулсан байна.  


Энэ хугацаанд тус газраас төрийн байгууллагын холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад нэгдсэн заавар зөвлөмж өгч, арга зүйн удирдлагаар хангаж байна гэж Авилгатай тэмцэх газраас мэдээлэв.


Холбоотой мэдээ