Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ гурван жилийн хамгийн дээд үзүүлэлтэд хүрч өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-01-08 10:55:21

РОМ. /TASS/. Дэлхийн хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн суурь үнэ өнгөрсөн онд сүүлийн гурван жилийн хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлтэд хүрч өсжээ. Энэ тухай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /ХХААБ/ мэдээлсэн байна.


Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнийн сар тутмын өөрчлөлтийг харуулдаг индексээс үзвэл, өнгөрөгч 12 дугаар сард хүнсний бүтээгдэхүүний үнэ 107.5 нэгж болж өсжээ. Энэ нь сүүлийн зургаан жилийн хамгийн дээд үзүүлэлтэд хүрч байсан 11 дүгээр сарынхтай харьцуулахад 2.2 хувиар өссөн үзүүлэлт юм.


2020 онд үнийн индексийн дундаж үзүүлэлт 2019 оныхтой харьцуулахад 3.1 хувиар өсжээ. Гэхдээ энэ нь 2011 онд бүртгэгдсэн түүхэн дээд индексээс 25 хувиар доогуур үзүүлэлт аж.


Тухайлбал, ургамлын тосны үнийн индекс 12 дугаар сард 4.7 хувиар өссөн нь 2012 оны есдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Үр тарианы үнийн индекс үргэлжлэн өссөөр 11 дүгээр сартай харьцуулахад 1.1 хувиар, 2019 оны дундаж үзүүлэлтээс 6.6 хувиар нэмэгдсэн байна. НҮБ-ын ХХААБ-ын мэргэжилтнүүдийн тайлбарласнаар, улаан буудай, эрдэнэ шиш, цагаан будааны экспортын үнэ өсөх хандлагатай байгаа нь Хойд, Өмнөд Америкт, мөн ОХУ-д ургац хураалтын урьдчилсан таамаг болон цаг агаарын нөхцөл байдал тодорхойгүй байдалтай холбоотой аж. Сүүн бүтээгдэхүүний үнийн индекс үйлдвэрлэгч орнуудад энэ төрлийн бүтээгдэхүүний дотоодын хэрэглээ өндөр байгаатай холбоотойгоор эрэлт нэмэгдсэний улмаас долоон сар дараалан нэмэгджээ. 12 дугаар сард өмнөх сарынхтай харьцуулахад  сүүн бүтээгдэхүүний үнэ 3.2 хувиар өссөн байна. 


Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг ХХААБ зөвхөн цар тахалтай холбон тайлбарлахгүй байгаа бөгөөд голчлон бараа нийлүүлэлтэд зарим тасалдал, саатал гарсантай холбоотой байна. Үнийн динамик нь эрэлт, нийлүүлэлтийн харьцаанаас хамаарна гэж мэргэжилтнүүдийн үзэж байгаа аж. 

Холбоотой мэдээ