Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс: Угсаатны зүйн үзмэр тулга

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-01-08 15:26:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ удаа Монголын Үндэсний музейд хадгалагдаж байгаа угсаатны зүйн үзмэрийн дээжсээс танилцуулж байна.

Монгол угсаатны гэр ахуйн хэрэглэлийн нэгэн өвөрмөц бөгөөд уламжлалт нэгэн эд өлөг бол тулга юм. Тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй тулга нь гурван хөлтэй, гурван хөлөндөө гурван тотго, өртөөтэй.


Өртөөндөө угалзын толгойн дүрсийг маш урнаар гаргаж хийсэн байна.  Энэхүү тулгыг Их шавийн зүүн отгийн хашир Зондов хэрэглэж байжээ. Голч 44 см, өндөр 31см юм.


Монголын Үндэсний музейн куратор, сан хөмрөгийн эрхлэгч Б.Эрдэнэцэцэгийн тэмдэглэснээр, эдийн боловсрол хөгжиж төмөр хэрэглэх болсон үеэс чулуун тулганы зэрэгцээ гурван төмөрлөг гадас шааж хэрэглэх болсон бололтой. Түүнчлэн хэрэглээний багаж зэвсэг сайжрах тусам гурван гадсыг толгойгоор нь холбож цагаригтай тулга хэрэглэх болжээ. Гэвч шинээр хийсэн тулганд хүнд тогоо тавихад тулганы хөл гэдийж тэлдэг байсан учир цагаригийг доошлуулан бэхлэх шаардлага зүй ёсоор ургаж ирсэн байна. Иймээс тулах төмрийн цагариг буюу хасагаас дээш илүү гарсан үзүүрийг “тотго”, зарим нутагт “өртөө”, бүслүүрээс доош гарсан үзүүрийг хөл гэж дотор нь хуваах болсон байна.

Он цаг өнгөрөх тусам хүмүүний хэрэглээ тухайн цаг, нийгмийн хөгжлөө даган өөрчлөгддөг нь жам ёсны үзэгдэл. Хэдий тийм боловч ХХ зууны эхэн үе хүртэл монголчуудын хувьд гал манах хэрэгсэл болох тулганы хийц маяг анх бий болсон үндсэн хэлбэрээ бараг өөрчлөөгүй байна.

Монголчууд гурван хөлтэй төмөр тулга голдуу хэрэглэж байгаад XVI зуунаас хойш гурван хөлтэй тулга нь дөрвөн хөл, дөрвөн тотготой болж өөрчлөгдөн сайжирчээ.

Манжийн эзэн хаанаас монголчуудад гурав буюу дөрвөн бүс хасагтай, тотгыг нь хэрээний хошуу маягаар хийж халх  нийт монголын арвин буянг хязгаарлах утга бүхий тулгыг ирүүлсэн тухай нэгэн домог бий. Домогт, Өндөр гэгээн Занабазар түүнд хариуг бодож тулганы тотго хөлийн тоогоор дэр чулуу заавал тавьж тэрхүү хэрээний хошуунууд дэр чулуу руу хатгаж байх учиртай хэмээн  хуучцуул  өгүүлдэг.   
Холбоотой мэдээ