Дулаан дамжуулах төвүүд цахилгааны нөөц эх үүсвэртэй байх ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-08 16:30:15

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотын төвлөрсөн халаалтад холбогдсон айл өрх, албан байгууллагуудын халаалт энэ сарын 7-ноос эрс муудаж, ард иргэд шүүмжилж байна.

Энэ талаар дулааны эрчим хүчээр хангагч байгууллага болох "Эрчимбаян-Өлгий" компани, "Өчигдөр манай компанийн зуухнаас гарах гаргалгааны Ф500 гол шугамаас гэмтэл гарч зуухыг 2 цаг гаруй зогсоож 15:00 цагийн үед хэвийн байдалд оруулсан. Энэ тухай хэрэглэгчдэд мэдээлсэн. Гэвч 17:00 цагийн үед цахилгаан хүчдэл тасарч, гэмтэл гарсны улмаас зуухны сүлжээний насос, зуухны параметр буурсан. Оройн 22:00 цаг хүртэл цахилгааны доголдол хэвийн байдалд ороогүй ба хэлбэлзэл үүссэний улмаас 86 дугаар ЦТП, холбооны ЦТП, 40 айлын ЦТП-нүүдийн дулаан дамжуулах, түгээхэд хүндрэл учирсан. Энэ нь манай компанийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй" хэмээн мэдэгдээд байна.

Уг асуудлаар аймгийн Цахилгаан, шугам, сүлжээний газраас тодрууллаа. Тухайн байгууллага өгсөн тайлбартаа, "Өчигдөр дизель станцаас хуваарилах байгууламж хоорондох цахилгаан дамжуулах кабель гэмтсэн. Манай ажилчид гэмтлийг олж, шөнө түр хугацаагаар холбосон байгаа. Харин өнөөдөр нөөц кабельд залгаж, хэвийн байдалд орууллаа. Дулааны ЦТП буюу дулаан дамжуулах төвийн үйл ажиллагааны доголдол Цахилгаан, шугам, сүлжээний газарт хамааралгүй. Цахилгаан эрчим хүчний сүлжээнд гэмтэл гарсан ч ЦТП цахилгааны нөөц эх үүсвэртэй байх ёстой" гэв.  


Холбоотой мэдээ