Эрчим хүчний хэмнэлттэй саарал усны технологи ашиглах аргыг хөдөөгийн тосгонд туршиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-11 15:07:57

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Ариун цэврийн байгууламжийн бие даасан дэд бүтцийг нэвтрүүлэх, цаашлаад эрчим хүчний хэмнэлттэй халаалтын болон бохир ус цэвэрлэх технологи буюу саарал усны технологи ашиглах аргыг Сэлэнгэ аймагт туршин хэрэгжүүлж эхэллээ.

Энэхүү бүтээн байгуулалт нь хөдөө орон нутагт анх удаа гэдгээрээ онцлог болж байгаа юм. Уг байгууламжийн үр дүнд хөдөөгийн ард иргэд, хүүхэд багачууд эрүүл ахуйн шаардлага хангасан, цагийн хязгаарлалтгүйгээр ундны усны найдвартай эх үүсвэртэй болж байгаа нь давуу талтай юм.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум болон Дулаанхан тосгоны Ерөнхий Боловсролын сургуулиудад байгаль орчинд ээлтэй, орчин үеийн шинэ технологи бүхий ариун цэврийн иж бүрэн байгууламжийг ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Энэхүү бүтээн байгуулалтыг Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын 450 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн байна. Энэ нь нарны зайн хураагуур ашиглан ажиллах ухаалаг худаг, шинэ технологиор усыг дахин ашиглах боломжтой цогц ариун цэврийн байгууламж юм.

Энэхүү байгууламжийн хүрээнд сургуулийн дотуур байруудад эрэгтэй, эмэгтэй хүүхдийн тусгаарлагдсан шүршүүр болон хувцас солих өрөөг тус бүр дөрвийг байгуулжээ. Мөн 4-8 хүүхдэд зориулсан эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөө (WC )-тэй юм. Түүнчлэн байгууламж нь тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан ариун цэврийн өрөө, шүршүүр зэргээс бүрдэж буйгаараа онцлогтой. Энэ төслийн үр дүнд эдгээр сургуулиудад хүүхдэд ээлтэй орчин бүрдэхийн зэрэгцээ ус орчны эрүүл ахуйн стандарт хангагдаж, хүүхэд хамгааллын асуудлуудаас урьдчилан сэргийлэх маш олон талын ач холбогдолтой болж байгаа юм. Одоогоор дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас ашиглалтад хүлээж авах, сум орон нутагт шилжүүлэх ажил хойшлогдоод байгаа гэнэ. Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд аймгийн удирдлагуудад ихээхэн дэмжлэг үзүүлэн ажиллажээ. 



Холбоотой мэдээ