Гэр бүлийн хоёр хүний буган хөшөө Цэнгэл сумын нутагт бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-13 11:15:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын төвөөс баруун хойш 4 км газарт Цагаан дэнж хэмээх газарт өвөрмөц хоёр буган хөшөө бий.

Эдгээр бугын хөшөөнүүдийг 12 м голчтой, дүгрэг хиргисүүрийн төвд шүргүүлэн босгожээ. Мөн  дөрвөн хиргисүүр, 10 дүгрэг булш тойрон байрладаг.

Ийнхүү хоёр хөшөөг нэг байрлуулдаг заншлыг судлаачид нэг гэр бүлийн эр, эм хоёрын дурсгалд зориулсан гэж үздэг аж.

Нэг дэх буган хөшөөг хөх саарал өнгийн нимгэн хавтгай урт чулуугаар хийжээ. Өргөн хоёр талын оройн хэсэгт тус бүр нэжгээд цагираг сийлжээ.  Хөшөөний газраас цухуйсан өндөр нь 238 см, өргөн нь 54 см, зузаан нь 12-19 см аж

Хоёр дахь буган хөшөө нь эхний буган хөшөөний баруун талд тун ойрхон зэрэгцэж байрласан. Урт нарийхан, цайвар боржин чулуугаар урлажээ.


Оройн хэсэгт хүний нүүрийг их биеэс нь товойлгон дүрсэлсэн байна. Гонзгой урт нүүртэй, шулуун жирэвгэр хөмсөгний уулзвараас доош хамрыг шууд үргэлжлүүлэн товгор шулуунаар гаргажээ. Баруун шанаанд нь 15 см голчтой онгийн дүрс үзэгдэнэ. Хөшөөний өндөр нь газраас цухуйсан байдлаар 240 см, өргөн нь 22-24 см, зузаан нь 18-24 см.

Хийц дүрслэлийн хувьд эдгээр хөшөө, бугыг хийсвэрлэн дүрслэх аргаар үйлджээ. Нэг онцлог нь хөшөөний доод хэсэгт бүс болон бүснээс зүүсэн эд хэрэглэл, зэр зэвсгийн зүйлс дүрслээгүй байна. Бугыг ийнхүү хийсвэрлэсэн байдлаар дүрсэлсэн хөшөөг ихэнх судлаачид буган хөшөөний хөгжлийн эхэн, манай эриний өмнөх II мянган жилийн үе буюу хүрэл зэвсгийн үед холбон үздэг.

Цагаан дэнжийн хос бугын хөшөөний гэрэл зургийг 1909 онд Германы судлаачид авсан байна. Харин манай улсаас эрдэмтэн Н.Сэр-Оджав 1968 онд дээрх хөшөөний гэрэл зургийг авч байжээ.   


Холбоотой мэдээ