Америкийн парламентын ордон амархан эзлэгдсэний учир

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2021-01-13 12:11:16

Капитолийн ордныг хамгаалдаг цагдаагийн отряд нь төрийн зүтгэлтнүүд, төрийн тусгай объектуудыг хамгаалах үндсэн үүрэгтэй ба маш өндөр түвшний тусгай бэлтгэл хийсэн 2 мянга гаруй албан хаагчаас бүрддэг атлаа тэр өдөр ордныг хамгаалж чадалгүй үймээн дэгдээгчдэд сул тавиад өгчихсөний учир юу вэ, танхай этгээдүүдээс ордныг чөлөөлөх ажиллагаа сунжирсны шалтгаан юу вэ гэсэн асуултуудын хариуг Америкийн олон нийт нэхэж байна.


Урьдаас мэдэгдэж байсан “гэнэтийн” дайралт


Жо Байден Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан гэдгийг баталгаажуулахаар Конгрессын гишүүд цугларах тэр өдөр Трампыг дэмжигчид Вашингтонд цуглаан зохион байгуулахаар төлөвлөсөн нь бүр эртнээс тодорхой болоод байсан.

Сонгуульд ялагдсан Д.Трамп сүүлийн хоёр сарын турш “сонгуулийн дүнд булхай орсон” гэж мэдэгдсээр байсан боловч тодорхой нотлох баримтуудыг гаргаж ирж чадахгүй байлаа.  

Шинэ жилийн дараачаас Трампын талынхны хэрэглэж буй үг хэллэг нь илт түрэмгий өнгө аястай болж, Конгресс дахь улстөрчдийн эсрэг хүч хэрэглэхийг уриалсан комментууд нийгмийн сүлжээнүүдээр тархах болов. Зарим хэт даврагчид “Америкийг дахин агуу болгоцгооё”, “2021 оны 1 дүгээр сарын 6- иргэний дайн” гэсэн хадмал бичгүүдийг хувцсан дээрээ оёсон байсныг харвал тэд дайралтад эртнээс бэлтгэсэн бололтой гэж  профессор Клиффорд Стот ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа дурдлаа. Тэрбээр нийтийг хамарсан арга хэмжээний үеэр аюулгүй байдлыг хангах асуудлаар Их Британийн засгийн газарт зөвлөгөө өгдөг шинжээч юм .


Системийн алдаанууд


Удалгүй 1 дүгээр сарын 6 болж, үйл явдал маш хурдацтай өрнөлөө. Д.Трамп үг хэлээд дууссан даруйд түүнийг дэмжигчид болох олон мянган хүмүүс Капитолийн ордны зүг хөдөлжээ.


Гэтэл нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ гэдэг тал дээр цагдаа нар ямар ч бэлтгэлгүй байсан нь харагдаж байна. Хүчний байгууллагууд үйл явдлын өрнөлийг урьдчилан харж чадаагүй нь үймээн даамжрах гол шалтгаан болсон гэж профессор Стот дүгнэн хэллээ. Түүний үзэж байгаагаар, нийгмийн дэг журмыг хангах асуудлыг Америкийн хэдэн хэдэн төрийн байгууллага хариуцаж, тэдгээрийг өөр өөр төвүүдээс удирддаг учраас эгзэгтэй үед үл ойлголцол, сандрал үүссэн байж магадгүй юм.


Үймээний үеэр ордны аюулгүй байдлыг хангах тал дээр ямар ноцтой алдаанууд гаргасан талаар шинжээчид доорх дүгнэлтүүдийг хийжээ.


---Холбооны Мөрдөх товчоо /ХМТ/ эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон хүмүүсийн тоог анхнаасаа дутуу тооцоолсон байна. Трампыг дэмжихээр 20 мянга орчим хүн ирнэ гэж тооцоолж байсан боловч үүнээс 2 дахин олон хүн цугларчээ.

--Эмх замбараагүй байдал үүсэхээс хэдэн цагийн өмнө ХМТ, Үндэсний гвардийн удирдлагын зүгээс Конгрессын гишүүдийн хамгаалалтанд анги нэгтгэлүүдээ илгээх саналыг ордны цагдаагийн албанд тавьсан боловч хүлээж аваагүй аж.

---Трампыг дэмжигчид дөхөж ирэх үед Капитолийн цагдаа нар ордон доторх болон ордны эргэн тойрон дахь хамгаалалтын байрлалуудаа тогтоон барих гэж хичээсэнгүй. Тэр ч бүү хэл, төмөр хаалтуудыг авч хаяад ордон руу дайрч буй хүмүүсийг нэгэн цагдаа өдөөн дөгөөж буйг харуулсан дүрс бичлэг нийгмийн сүлжээгээр цацагджээ. 

---Улмаар жагсагчид ордонд нэвтэрсэн үед ч гэсэн цагдаа нар тэдэнтэй нэлээд тэвчээртэй хүлцэнгүй харьцаж байв. Үймээн дэгдсэнээс хойш хэдэн цагийн дараа авсан дүрс бичлэгийг үзвэл, цагдаа нар жагсагчдыг ордноос гаргахдаа тэдэнд зөөлөн хандаж, тэр ч байтугай шатаар буухад нь зарим нэгэнд нь тусалж байх жишээтэй. Тэр ч бүү хэл, нэгэн цагдаа үймээн дэгдээгчидтэй сэлфи хийгээд зогсож байсан гээд төсөөлцгөөе.

---АНУ-ын Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгчийн хувьд, тэрбээр ХМТ-ны шилмэл ангиудыг Капитолий руу илгээх тушаалыг оройтож өгсөн байна.


Ерөнхийдөө бол, Капитолийн толгод дахь Конгрессын ордны хамгаалалт нь Ерөнхийлөгчийн ажлын байр болох Цагаан ордны хамгаалалтын бүтэц, зохион байгуулалтаас зарчмын хувьд эрс ялгаатай ажээ.

Тодруулбал, тусгай зөвшөөрөлгүйгээр Цагаан ордонд нэвтэрнэ гэдэг бол ямар ч боломжгүй зүйл. Харин Конгрессын ордонд хэн дуртай нь орж болдог. Ордон руу нэвтрэх үед тусгай үнэмлэх шаардахгүй ба нэвтэрч буй хүмүүсийг металл илрүүлэгч төхөөрөмжөөр шалгаж, бие, эд зүйлд нь хөнгөхөн үзлэг хийнэ. Яг л нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэх цэгтэй адил. Тэр ч бүү хэл, ямар зорилгоор ордонд нэвтэрч байгаагаа иргэд тайлбарлах албагүй. Өөрөөр хэлбэл, өөрсдийнх нь сонгосон Конгрессын гишүүдийн хууль баталж буй газарт нэвтрэн орох эрх Америкийн сонгогчдод байх ёстой гэсэн түгээмэл ойлголт бий. Харин сүүлийн үед цар тахлын улмаас Капитолийн ордонд хүмүүсийг нэвтрүүлэхийг хориглосон боловч хамгаалалтыг нь чангатгаагүй байсан ажээ.


Ялгавартай хандлага


Капитолийн үймээний үеэр цагдаа нарын явуулсан ажиллагаа нь өнгөрсөн зун болсон Black Lives Matter хөдөлгөөнийхний жагсаалыг дарахын тулд нулимс асгаруулагч хий, резинэн сум хэрэглэж байсантай зүйрлэхийн аргагүй “энэрэнгүй зөөлөн” байв.


Энэ тухайд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден мэдэгдэхдээ “Ялгавартай хандаж буйн жишээг орон даяараа харлаа. Хэрвээ тэр өдөр хар арьстнууд эсэргүүцлээ илэрхийлсэн бол тэдэнтэй Капитолий руу дайрсан тонуулч дээрэмчидтэй харьцаж байснаас огт өөрөөр харьцах байсан гэдэг нь тодорхой болсон. Энэ бол байж боломгүй зүйл” гэжээ.

“Вашингтон пост” сонины тоймч Дэвид Игнатус-ын үзэж байгаагаар, Капитолийн цагдаа нар жагсагчидтай зөөлөн харьцах тушаалыг дээрээс авсан байж магадгүй, учир нь ингэхгүй бол Трампын талынхан хохирогчийн дүрд тоглож, байдлыг хурцатгаж  мэдэхээр байв.


Өнгөрсөн оны зун цагдаа нар хар арьст иргэн Жорж Флойдын амь насыг хөнөөсөн нь хууль сахиулах байгууллагуудын нэр хүндэд ноцтойгоор нөлөөлсөн билээ. Ийм учраас жагсагчдыг зодож гэмтээж буйг харуулсан дахин нэг дүрс бичлэг нийгмийн сүлжээнд тархах аваас тэртэй тэргүй төсөв мөнгөө хасуулах дээрээ тулаад буй цагдаа нар улам хүнд байдалд орох нь тодорхой. Үүнээс үүдэн жагсагчдын эсрэг хүч хэрэглэхгүй, аядуу байх тушаалыг цагдаагийн удирдлага өгсөн болов уу гэж зарим шинжээч таамаглаж байна.


Түүнээс гадна, хэрвээ цагдаа нартай мөргөлдөөн үүсгэж, тэр нь улмаар нийтийг хамарсан хүчирхийлэл болон өргөжих аваас Трампын хувьд “Бослогын тухай хууль” гэгчийг хэрэглэх далим гарч мэдэхээр байв. Уг хуульд “АНУ-ын Ерөнхийлөгч нь улс оронд эмх замбараагүй байдал дэгдэхээс урьдчилан сэргийлэх, бослогыг дарахын тулд армийн хүчийг хэрэглэж болно” гэж заасан байдаг ажээ. Энэ тохиолдолд Трамп улс орондоо дайны байдал зарлаж, ингэснээр сонгуулийн дүнг хүчингүй болгох магадлалтай.


Хэн буруутай вэ?


Албан ёсны мэдээллээр, Капитолийн ордныг хамгаалж байсан цагдаагийн 50 гаруй албан хаагч мөргөлдөөний үеэр шархаджээ. “Би хууль сахиулах байгууллагад 30 жил ажиллахдаа Капитолий руу дайрсантай адил түрэмгий үйлдлийг огт хараагүй” гэж ордны цагдаагийн албаны дарга Стивен Санд мэдэгдсэнийхээ дараа өнгөрсөн баасан гарагт огцорчээ.

Үймээн намжсаны дараах энэ өдрүүдэд “Капитолий руу хийсэн дайралтыг зогсоох арга хэмжээг хэтэрхий оройтуулж авсан” хэмээн Пентагон, Вашингтон хотын захиргаа хоёр тал болоод өнгөрсөн явдалд бие биенийгээ буруутгасаар байна. Төрийн энэ хоёр байгууллага ноднин зунаас хойш түнжин хагараад байгаа юм. Учир нь, сэтгэл хөдлөлөө шулуухан илэрхийлдэг Вашингтоны мэр Мюриэл Баузер /африк гаралтай америк иргэн/ ярихдаа, арьсны өнгөөр ялгаварлахын эсрэг Black Lives Matter хөдөлгөөний жагсаалын үеэр хүчний байгууллагууд жагсагчдад хэтэрхий харгис ширүүн хандсан гэж байнга шүүмжлэх болсноос хойш Пентагон, ХМТ-ныхон Капитолийн цагдаа нарт тусламж үзүүлэхийг хүссэн хотын даргын хүсэлтэд хойрго хандсан байж магадгүй


Үймээн самуун даамжирсан үед цэргүүд цаг алдаж ирсэн, Трампыг дэмжигчдийн цуглаан руу цөөхөн цэргийг /300 орчим/ илгээсэн, ордны эргэн тойронд хуягт техникүүд байрлуулаагүй гэж хотын захиргааны зүгээс Үндэсний гвардийг буруутгажээ. Хариуд нь Пентагон мэдэгдэхдээ “6-ны өдрөөс өмнө бидний илгээсэн хоёр ч удаагийн хүсэлтэд хотын захиргаа татгалзсан хариу өгснөөс гадна жагсагчид Конгрессын ордонд нэвтэрсний дараа цэрэг илгээхийг Үндэсний гвардиас хүссэн” гэсэн байна.


Бие биенээ буруутгасан төрийн байгууллагуудын маргаанд цэг тавих субъект бол Мөрдөн шалгах тусгай комисс бөгөөд 5 хүний аминд хүрсэн эмгэнэлт хэрэг явдлын учир шалтгаан, хүчний байгууллагуудын хүлээх хариуцлагыг тодорхой болгоно. 


1 дүгээр сарын 6-ны үйл явдлын цаана “албан үүрэгт ажилдаа хайнга хандсан” гэдгээс илүү ноцтой зүйл нуугдаж байгаа бололтой. Хардалт сэрдэлтийг улам лавшруулваас, Капитолийг хамгаалж байсан цагдаа нарын дотор ордон руу дайрагсдыг сэм дэмждэг хүмүүс байсан байж тун магадгүй. Ордны хамгаалагч нар үймээн самуун дэгдээгчдийг төмөр хашлага дундуур чөлөөтэй нэвтрүүлж, тэр ч байтугай тэдэнтэй сэлфидэж буй дүрс бичлэг нийгмийн сүлжээгээр дүүрэн. Түүнээс гадна, цагдаа нар танхайрсан этгээдүүдийн ихэнхийг нь баривчлалгүйгээр зүгээр л сул тавиад явуулсан нь бас нэгэн хардлагыг төрүүлж байна. 


Эвдлэн сүйтгэгчид ба хууль сахиулах байгууллагууд дахь тэдний хамсаатнууд байж болзошгүй хүмүүсийг илрүүлэн шалгах ажиллагааг ХМТ явуулж байна. Үймээн дэгдээгчид ордныг эзэлснийхээ дараа бичлэг хийж, сэлфидэж байсан нь өөрсдийгөө илчилж, мөрдөгчдийн ажлыг хөнгөвчилж өгчээ.


Б.Адъяахүү

Эх сурвалжууд: https://www.bbc.com

https://news.ru

https://rg.ru

Холбоотой мэдээ