Хөрөнгийн бирж энэ оны анхны үнэт цаасны арилжаагаа эхлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-01-14 10:11:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн цан цохих ёслол Монголын Хөрөнгийн биржид өчигдөр боллоо. Тодруулбал, Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Инвестор Актив ТЗК" ХХК 10.000 үнэт цаасыг хөрөнгө оруулагч нарт санал болгон арилжихаар Хөрөнгийн биржийн үнэт цаасны 6388 дахь арилжааг эхлүүллээ. 

"Инвескор Актив ТЗК" ХХК нь дээрх хэмжээний үнэт цаасыг жилийн 14.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, улирал тутамд хүү төлөхөөр тус бүрийг нь 400.000 төгрөгөөр олон нийт болон стратегийн хөрөнгө оруулагч нарт санал болгон худалдаж, нийт 4 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх юм. 

Энэ талаар Монголын Хөрөнгийн биржийн Зах зээлийн хөгжлийн албаны мэргэжилтэн П.Нямдоржоос тодруулбал, "Энэ нь манай хөрөнгийн зах зээлд анхны хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас юм. Үнэт цаасны захиалгыг өнөөдрөөс авч эхэлж байна. Банкны хадгаламжийн хүү 10 хувь байгаа одоо үед харьцангуй өндөр хүүтэй, эрсдэл багатай хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүн юм" гэдгийг онцлов.


Хөрөнгө оруулагчид энэ оны 1 дүгээр сарын 13-14-нд 10.00-16.00 цагийн хооронд Хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниар дамжуулан тус үнэт цаасыг захиалах боломжтойг тэрээр мэдээллээ. Үнэт цаасны танилцуулгыг Энд, хуваарилалтын төлөвлөгөөг энд дарж үзнэ үү.

Монголын Хөрөнгийн биржийн 2021 оны хамгийн эхний бүтээгдэхүүн, анхны нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын үйл ажиллагаанд СЗХ-ны дарга Д.Баярсайхан, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай, "Инвескор ББСБ" ХК-ийн дэд захирал Д.Амгаланбаатар болон "Инвескор Капитал ҮЦК" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Уянгахишиг нар оролцож хүндэтгэлийн цан цохилоо. 



Холбоотой мэдээ