Дулаан хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-01-14 18:59:23

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Алтай хотын Захирагч Д.Чинзориг холбогдох албаны хүмүүсийн хамтаар төв суурин газрын өвөлжилтийн нөхцөл байдал, дулаан хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. 


Тодруулбал, Алтай хотын дулаан хангамжийн байгууллагууд болох “Мандал Голомт” ХХК-ийн нэгдсэн халаалтын 4 зуух, Солонго дулааны станц, “Ундрам-Оюу” ХХК, “Удмын-Ундраа” ХХК-аар оржээ. “Мандал Голомт” ХХК-ийн Нэгдсэн халаалтын 4 зуухаар орж халаалт дулааны нөхцөл байдлыг газар дээр нь үзэж, үнэлж дүгнэсэн байна. Цаг агаарын хүйтрэл болон хэрэглэгчдийн хэт их хэрэглээнээс үүдэн цахилгаан эрчим хүч саатсанаас болж тус зуухнуудын шатсан хөдөлгүүрүүдийн засварын байдал, сэлбэг хэрэгслийн нөөц, татан авалт, нүүрсний нөөц байдлын талаарх мэдээллийг авсан байна. “Мандал Голомт” ХХК-ийн нэгдсэн зуухнуудын тухайд 2-3 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд гэмтлийг засварлах, сэлбэг хэрэгслийг татах ажил хийж байгаа тухай холбогдох албаныханд мэдээлэв.

Түүнчлэн Алтай хотын халаалт дулааны 10-15 хувийг хариуцдаг Солонго дулааны станц, "Ундрам-Оюу" ХХК, "Удмын-Ундраа" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцахад Солонго дулааны станц 10 хоногийн, “Ундрам-Оюу”ХХК, “Удмын-Ундраа” ХХК тус бүр нэг сарын нөөцтэй, халаалт дулаан доголдолгүй хэвийн ажиллаж байлаа.


Алтай хотын захирагч бөгөөд Есөнбулаг сумын Засаг дарга Д.Чинзориг: “Мандал Голомт" ХХК-ийн удирдлагуудад цаашид сэлбэг хэрэгслийн нөөц, татан авалтаа шуурхай хийх, зуухны хэвийн ажиллагааг ханган ажиллах, Алтай хотын ард иргэдийн дулаан хангамжийн асуудлыг тасралтгүй, найдвартай дулаанаар хангах нөхцөлийг бүрдүүлэх үүрэг чиглэл өгсөн юм.


Холбоотой мэдээ