Сурталчилгааны зардлаа танах нь эрсдэлтэй

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-01-14 17:52:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зөвлөх үйлчилгээний "Крауд Ассет" багийнхан бизнес эрхлэгч нарт "COVID-19"-ийн цар тахлын хүнд хэцүү үеийг давахад тус болох энгийн 4 зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

Нэгдүгээрт, санхүү болон бизнесийн үйл ажиллагааны бүтцээ сайжруулах. Шаардлагагүй зардлаа танаж илүү үр ашигтай ажиллах талаар 5С, Кайзены зарчим зэргийг судалж хэрэгжүүлэх. Түүнчлэн, ААН-үүдийн томоохон зардлын нэг болох түрээсийг түрээслүүлэгч байгууллагатайгаа тохиролцож түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулах боломжийг судлах. 

Хоёрдугаарт, бизнесийн дижитал буюу цахим шилжилтийг хийх. "COVID-19"-ийн тархалттай холбоотойгоор дэлхий дахинд 5 жилийн турш хийж чадаагүй дижитал шилжилтийг 8 долоо хоногийн дотор хийсэн байна. Монгол Улсад ч мөн адил өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ үед бизнесийн байгууллагын хувьд хамгийн түрүүнд хэрэгжүүлэх ажил бол дижитал технологийн шилжилт, шинэчлэлийг хийх явдал болоод байна. 

Гуравдугаарт, хэрэглэгчдийн гар дээр хурдан шуурхай, найдвартай бараа бүтээгдэхүүнээ хүргэх. Бизнес эрхлэгчид онлайн худалдаа болон хүргэлтийн системийг бизнестээ нэвтрүүлэх нь энэ цаг үед бизнесээ аварч үлдэх нэг гарц болоод байна. Мөн зар сурталчилгааг хүнд хэцүү үед хэзээ ч мартаж, орхиж болохгүй, энэ нь танай компанийг хэрэглэгч үргэлж санаж байхад хэрэгтэй гэжээ. 

Дөрөвт, бэлгийн карт борлуулах, бараа үйлчилгээг урьдчилан хямдралтай үнээр захиалах боломжоор хангах зэрэг бусад мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх аргыг хэрэглэх явдал чухал болоод байна. 


Дэлхий нийтээр тархаад буй "COVID-19" цар тахлаас үүдэлтэй хямралд бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч нар хамгийн их өртөөд байна. Жижиг, дунд бизнес эрхлэгч нар нийт аж ахуйн нэгжийн 98 хувь, ДНБ-ний 25 хувийг бүрдүүлж, ажиллах хүчний тал хувийг ажлын байраар хангадаг.

МҮХАҮТ-аас гаргасан судалгаагаар хатуу хөл хорио тогтоосон өнгөрсөн хугацаанд судалгаанд оролцсон нийт ААН-ийн 66 хувь нь бүрэн зогссон, 22 хувь нь хязгаарлагдмал хүрээнд, 10 хувь нь зайнаас ажиллаж байгаа гэсэн бол дөнгөж 2 хувь нь хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн дүн гарчээ. Тэдгээрийн 54 хувь нь хөл хорионы дэглэм тогтоосноос хойш борлуулалтын орлого нь 91 хувиас дээш хэмжээгээр буурсан байна.


Холбоотой мэдээ