Газар хөдлөлт ба барилгын стандарт

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2021-01-15 14:01:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагшаа 26  км зайд 2021 оны 1 дүгээр сарын 12-ны 05.32 цагт 6.5 магнитудын хүчтэй  газар хөдөллөө. Газар хөдлөлт нийслэлд 4.8 магнитудаар мэдрэгдсэн талаар мэргэжлийн байгууллага мэдээлсэн юм. Нийслэлээс газар хөдлөлтийн голомт (Ханх сум) 1020 км-ийн зайтай. Ийм хүрээнд тухайн газар хөдлөлт мэдрэгджээ гэж ойлгож болно. Тэгвэл ийм хол орон зайд төвийн хүчнээсээ хүч нь буурч мэдрэгдээд байгаа газар хөдлөлт гэж юу вэ?  

Энэ асуултад “Газрын хэвлий буюу чулуулаг мандалд их хэмжээний энерги хуримтлагдаж  тэр энерги ямар нэг аргаар чөлөөлөгдсөнөөр газрын хэвлийгээр тархах үзэгдэл” гэж мэргэжилтнүүд хариулжээ. Тэрхүү  энерги суллагдсанаар эвдрэлд орсон  орчин эргэн  тайван байдалд шилжих хүртэл дахин дахин жижиг газар хөдлөлт үүссээр байдаг онцлогтой юм байна. Тэгвэл Ханх сумын нутагт тухайн өдрийн 20 цагийн байдлаар 300 орчим ийм жижиг газар хөдлөлт болж  станцад тэмдэглэгджээ. Харин газар хөдөлсөн тохиолдол бүрийг бүртгэх станц манай улсад 1957 онд суурилагджээ.


Шинжлэх ухаанд газар хөдлөлтийг урьдчилан таамаглаж хэлэх төвшинд хүрээгүй гэнэ. Харин  хүчтэй газар хөдлөлтийг амжиж мэдээлэх аюулыг нь анхааруулах арга технологи олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн байдаг юм байна. Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон газар хөдлөлт нийслэлд  дуут дохио өгөх 6 магнитудын хэмжээнд хүрэхгүй 4.8 магнитуд чичирхийлсэн  тул дуут дохио дугараагүй юм байна.   Хадгалагдсан нийт энергийн зөвхөн 10 хувь нь сеймийн долгио буюу чичирхийлэл үүсгэдэг. Тэгвэл 2020 онд  нийслэлд нийт 10 орчим газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгджээ. Гэхдээ газар хөдлөлтийн аюулыг анхааруулах хэмжээнд хүрээгүй тул нийслэлийн иргэдэд анхааруулга өгөх зориулалтаар гурван газарт суурьлуулсан автоматаар дуугарах тоног төхөөрөмж дээрхийн нэгэн адил дуугаралгүй өнгөрчээ.

Хүчтэй газар хөдөлсөн нөхцөлд хэзээ  дахих вэ гэдгийг судалдаг юм байна. Тухайлбал,  1957 оны 12 дугаар сарын 4-ний 12 цаг 39 минутад Говь-Алтайн гурван Богдод 8.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Түүнийг судлахад тухайн цэгт 2500 жилийн дараа дахин газар хөдөлнө гэсэн тооцоолол гарчээ. Манай улс их газрын гүнд оршдог. Ийм учраас газрын гүнд энерги хуримтлах хугацаа ийм хол гарсан гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ. Харин энэ удаагийн хүчтэй газар хөдлөлт  хэзээ давтагдах вэ гэдгийг  нэмэлт судалгаагаар тогтоох боломжтой юм байна.


Энэ удаагийн газар хөдлөлтийн голомттой хүн амын болоод барилга объектын төвлөрөлтэй суурин газар нь Хөвсгөл аймгийн төв Мөрөн сум (280 км) байжээ . Тус сумын 45 объект, орон сууцанд   аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үзлэг, шалгалт хийхэд  зарим барилгын шал, хана, таазанд өнгөн  цууралт үүссэн тохиолдол илэрчээ. Гэхдээ тэдгээр  нь барилгын үндсэн хийцэд ямар нэг өөрчлөлт өгөөгүй. Харин тус сумын 7 дугаар цэцэрлэгийн барилгын хана таазны хооронд завсар гарсан цонхны шил цуурсан, хагарсан болохыг тогтоожээ. Цэцэрлэгийн энэ барилга 1964 онд ашиглалтад орсон байна.


Монгол  Улсад газар хөдлөлтийн бат, бөхийн стандарт 1970 онд бий болжээ. Түүнээс өмнө баригдсан барилгууд өнөөдрийг хүртэл ашиглагдаж байгааг хэлэх хэрэгтэй. Нийслэлийн  барилгын 8.7 хувь, орон нутагт барилгын 16.7 хувь  газар хөдлөлтийн стандартгүй баригджээ. Мөн ашиглагдаж байгаа  барилгын 20 хувь нь газар хөдлөлтийн стандартыг хангахгүй байна гэсэн судалгааг МХЕГ гаргажээ. Ийм барилгуудын тоонд нийслэлийн хувьд  нэхмэлийн шар гэж нэрлэгдэх сууцнууд хийгээд 1940-1950 оны үед баригдсан барилгууд ордог юм байна. Түүнээс гадна хугацаанд нь засвар үйлчилгээ хийгээгүй насжилт өндөр барилгууд нэмэгдэх бололтой.


Улмаар 2016-2020 оны хооронд нийслэлд 3820 барилгад иж бүрэн шалгалт хийж  эдгээр барилгыг цаашид ашиглах боломжгүй. Дахин төлөвлөлтөд нэн даруй оруулах хэрэгтэй гэсэн дүгнэлт мэргэжлийн хяналтын байгууллага гаргаад нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлжээ. Түүнээс өнөөдрийн байдлаар хэдэн хувь нь дахин төлөвлөлтөд орж шинэчлэгдсэн талаар ажил хариуцсан байгууллага албан тушаалтан албан ёсны мэдээ мэдээллийг иргэдэд өгөх цаг болжээ. Цаана чинь газар хөдлөлтийн тэсвэржилтийн шаардлага хангахгүй барилгад манай улсын иргэд амьдардаг байх магадлал тун өндөр байна. Энэ удаагийн газар хөдлөлтийг мэргэжлийн байгууллагууд зөвшөөрөлгүй барилгын өргөтгөлүүд хийгээд ахуйн чанартай стандартын шаардлага хангаагүй барилгуудад том сануулга өглөө гэж үзжээ.

Холбоотой мэдээ