Налайх дүүрэгт PCR шинжилгээний лаборатори байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sodonizm@gmail.com
2021-01-16 16:24:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх эмнэлгүүдийн бэлэн байдал, халдвар, хамгааллын дэглэмийг мөрдөж байгаа эсэх, PCR шинжилгээний лаборатори байгуулах асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан болон ЭМЯ-ны холбогдох удирдлагууд өчигдөр Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн ажил байдалтай танилцлаа.


Эрүүл мэндийн сайд Налайх дүүрэгт ажиллах үеэрээ эмч, ажилтнуудтай онлайн уулзалт хийж, тэдний саналыг сонсож, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхээ илэрхийлсэн байна. Мөн Ковид-19 халдвартай хүн эмнэлгээр үйлчлүүлсэн тохиолдолд халдварыг цааш тархаахгүй байх, тасаг хоорондын үйл ажиллагааны уялдаа, эрсдэлээс сэргийлэхэд халдварын дүрмээ сахин ажиллахыг сануулж, засаж залруулах шаардлагатай хэд хэдэн зүйлийг онцолж, үүрэг чиглэл өглөө.


Мөн тэрбээр эмч нарт хандаж хэлэхдээ, “Бид ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө коронавируст халдварын эсрэг бүх анхаарлаа хандуулж ажиллахын зэрэгцээ бусад төрлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээ тасралтгүй явуулж, хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын суурь хөгжил, чадамжийг цаг алдалгүй сайжруулах нь хамгийн чухал. Тиймээс тус дүүргийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хүний нөөцийг чадавхжуулах асуудлыг шийдвэрлэнэ. Түүнчлэн энэ нэгдүгээр сардаа багтаан тус дүүрэгт PCR шинжилгээний шинэ лабораторийг байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр дүүргийн ард, иргэддээ цаг алдалгүй шуурхай шинжилгээ хийх, тусламж үзүүлэх боломж бүрдэнэ” хэмээжээ.


ЭМЯ-аас тус дүүрэгт нэн шаардлагатай байгаа мэс заслын болон оношилгооны дурангийн аппаратууд, рентген аппарат, компьютер томографын аппарат зэрэг эмнэлгийн суурь тусламж, үйлчилгээг сайжруулах ажлыг хийхээр болсон байна. Түүнчлэн төрөлжсөн төв эмнэлгүүдэд үзүүлж буй мэс засал, оношилгоо, эмчилгээг дүүргийн эмнэлгүүд үзүүлдэг болгох тал дээр анхаарч, бодлогоор бүх талын дэмжлэгийг үзүүлэх юм. Тус дүүргийн ард иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах, оношлох, эмчлэх “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг энэ онд байгуулахаар болжээ.


Цар тахлын үед шаардлагатай тохиолдолд иргэдийг тандалт, судалгаанд хамруулах үүднээс өнгөрсөн хугацаанд ЭМЯ-аас Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан  дүүргүүдэд Молекул биологийн лабораторийг байгуулаад байгаа аж. Удахгүй Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт лаборатори ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ

Холбоотой мэдээ