Толбо нуурт амарсан иргэд зөрчил их үйлдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-18 12:17:16

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг дэвсгэрт орших Толбо нуурт иргэд өвлийн улиралд олноор очиж амардаг.

Гэвч тэд хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ агаарт гарах зорилгоор Толбо нуурт очихдоо зөрчил их үйлдэж, өөрсдийнхөө болон бусдын амь, эрүүл мэндэд эрсдэл учруулж байгааг аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Тодруулж хэлэхэд, хүмүүс чарга, автомашины дугуйг хооронд нь холбож, түүн дээрээ хүн суулгаж тээврийн хэрэгслээр чирэх, мөн мөсөн дээр авто уралдаан буюу дрифт хийх зэргээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг удаа дараа зөрчиж байгаа аж.

Дээрх төрлийн зөрчил гаргасан иргэдэд цагдаагийн байгууллага хариуцлага тооцож байгаа бөгөөд ард иргэдийг сонор сэрэмжтэй байж, Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэхийг анхааруулж байна. 

Холбоотой мэдээ