МОНТА буюу МОНЦАМЭ агентлагийг үүсгэн байгуулсан нь

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2021-01-19 12:55:28
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр анхны мэдээгээ цацсан Монголын цахилгаан мэдээний агентлаг буюу МОНТА-г албан ёсоор байгуулах ажил Хиагтыг чөлөөлсөн цагаас хойш тухайн үеийн МАН-ын Төв хороо, Засгийн газрын түвшинд яригдаж, үйл ажиллагааг нь тасалдуулаагүй байна. Тухайн үеийн Оросын Эрхүү мужийн “Власть труда” сонины 1921 оны 4 дүгээр сарын 28-ны дугаарт “Монгол ардын түр засгийн газар Хиагтад МОНТА-г байгуулав. Энэ агентлаг нь дэлхий дахины ба дотоодын байдлыг мэдээлэх зорилготой ажээ” хэмээн бичиж, МОНТА-аас дамжуулсан 3 мэдээг нийтэлсэн нь МОНТА улс орныхоо тухай гадаадад мэдээлэх үүргийг биелүүлсээр байсныг нотолно.

Улмаар 5 дугаар сарын 19-ний өдөр хуралдсан МАН-ын Төв хорооны хурлаас МОНТА хэмээх нэртэй Монголын цахилгаан мэдээг сурвалжлан нэвтрүүлэх газрыг байгуулахыг дэмжээд Засгийн газарт шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.



“МОНТА” /МОНЦАМЭ/ агентлагийг байгуулсан тухай 1921 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын тогтоол.


Монголд Ардын хувьсгал ялснаа тунхагласны дараахан буюу 1921 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хуралдсан Ардын засгийн газрын 6-р худалдаанаас Дотоод яамны харьяанд Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороог байгуулах тогтоол гаргаж, Гүн Цэдэвсүрэнг шүүх түшмэлд, Маслаковыг туслах түшмэлд тус тус тохоон томилж, уг хороог Дотоод яаманд захируулахаар тогтсон байна. Энэ нь өнөөгийн МОНЦАМЭ агентлаг, Монголын Цахилгаан Холбоо, Монгол Шуудан компани зэрэг байгууллагын эхлэл байв.

МОНЦАМЭ агентлагийн анхны дарга Гүн Цэдэвсүрэн.


Түүнчлэн МОНТА буюу Монголын цахилгаан мэдээний газрын ажиллах дүрмийг 1921 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр болсон Засгийн газрын 21 дүгээр хуралдаанаар баталж, Гадаад явдлын яамны харьяанд хамааруулсан бол 1922 оны 2 дугаар сарын 3-ны Засгийн газрын тогтоолоор Цэргийн яаманд шилжүүлжээ.


Ташрамд дурдахад, 1921 оны Ардын хувьсгал нь Монгол оронд тусгаар тогтнол авчирсан төдийгүй Монголын цахилгаан мэдээний агентлаг үүсэн бий болоход түлхэц үзүүлсэн юм.

Холбоотой мэдээ